Японы гүнжийн хурим хойшлогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-07 12:50:12
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Японы эзэн хаан Акихитогийн ууган ач болох гүнж Мако, түүний сүйт хархүү Кэй Комүра нарын хурим хойшлогджээ.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, энэ оны 11 дүгээр сард гэрлэхээр товлоод байсан тэд хурим хийхээ 2020 он хүртэл хойшлуулсан тухай Японы Хааны ордны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Хуримын бэлтгэл хангагдаагүй байна. Мөн ирэх онд эзэн хаан Акихито хаан ширээгээ угсаа залгамжлах хунтайжид шилжүүлэн өгнө. Тиймээс залуу хос хуримаа 2020 оноос хийхээр болсон” гэжээ.

Японы эзэн хааны хоёр дахь хүү Акишиногийн ууган охин Мако нь их сургуульд хамт сурч байсан найзтайгаа өнгөрсөн оны есдүгээр сард сүй тавьсан юм. Японы эзэн хааны гэр бүлийн тухай хуульд зааснаар, хааны гүнж жирийн иргэнтэй гэрлэсэн тохиолдолд хааны гэр бүлээс явах ёстой. Өөрөөр хэлбэл, гүнж Мако гэрлэснийхээ дараа “гүнж” гэгдэхээ больж, хааны ордноос явах ёстой юм.
Г.Доржханд

Related news