Зарим цахим тоглоомын газрууд агааржуулалт муу өрөөнд үйлчилгээ үзүүлж байна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завханд цахим хэсэгчилсэн арга хэмжээг аймгийн Цагдаагийн газраас явуулжээ. Энэ үеэр Завханы төв Улиастай, Тосонцэнгэл сумдад үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын газруудын үйл ажиллагаанд хяналт хийхэд байрны орчин нөхцөл тааруу, цаг хэтрүүлэн ажилладаг, агааржуулалт муу, насанд хүрээгүй хүүхдүүдэд оройн цагаар үйлчилдэг зэрэг зөрчил заримд нь илэрчээ.
Ийм зөрчил илэрсэн гурван газрын зөрчлийг арилгуулахаар албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн Шалгалтаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон зөвшөөрөлтэй цахим тоглоомын газруудаас зөрчил дутагдалгүй хэвийн үйл ажиллагаа явуулж ажлын байрны нөхцөл шаардлагыг хангаж, цагийн хуваарийг баримтлан ажиллаж байгаа хэд хэдэн цахим тоглоомын газар байсан нь сайшаалтай. Тухайлбал Улиастай сумын Товцог багт байрлах “Их Оргих”, Жинст багийн Цэцэг төвд байрлах “Цахим”, Тосонцэнгэл сумын “Цахим төгөл” зэрэг цахим тоглоомын газрууд үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байжээ.
Хяналтыг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн гэр бүл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын хамт тус тус хяналт шалгалтыг хийжээ. Хяналтаар Улиастай суманд цахим тоглоомын үйл ажиллагаа явуулж буй бүртгэлийн гэрчилгээтэй нэр бүхий таван газар, Тосонцэнгэл суманд нэг цахим тоглоомын газруудаар орж цаг хэтрэлт, орчин нөхцөл, агааржуулалт болон тусгай зөвшөөрлийг нь үзэж шалгасан байна.
Цахим арга хэмжээг бид цаашид улиралд нэг удаа явуулна хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Б.Мягмарсүрэн