Б.Маргад-Эрдэнэ:Монголчууд яагаад заавал хар бор ажил хийх ёстой гэж

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 09:32:43

Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн технологийн тээврийг гэрээлэн гүйцэтгэдэг “Дорнын их гэгээ” ХХК-ийн ерөнхий захирал Баярсайхны Маргад-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Компанийнхаа талаар товчхон танилцуулаач?
-Манай компани Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал Матад, Халхгол сумд нутагт. “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн технолгийн тээврийг гэрээлэн гүйцэтгэдэг тээврийн компани.
-Урьд нь Монгол компаниуд тэнд гүйцэтгэгчээр ажиллах боломжгүй байсан санагдана. Хэзээнээс ийм эрх нээгдэв ээ?
-2012 он хүртэл тийм байсан. 2012 оны найман сард Монгол компаниуд гэрээт ажлыг гүйцэтгэх боломж бүрдсэн. Ингээд манай компани болон “Зөв боломж” зэрэг хэд хэдэн Монгол компаниуд гэрээлэн гүйцэтгэгчээр ажиллаж байна.
-Орон нутагт нь үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд нутгийн иргэдийг ажлын байраар хангах тал дээр ямар бодлого барьж байна?
-Манайд 200 гаруй ажилтантай. Үүний 40-50 хүн нь Дорнодын тэр дундаа Матад, Халхгол сумдын иргэд байгаа. Аль болохоор орон нутгаас түлхүү хүмүүс авахыг боддог. Манайд жолооч, туслах ажилтан, тогооч гэсэн ажлын байр ихэвчлэн бий. Миний нэг бодол байдаг. Монголчууд яагаад заавал хар бор ажил хийх ёстой гэж. Монголын үндэсний компаниуд бүх төрлийн нарийн мэргэжлийн ажлуудыг хийх боломж бий гэж хардаг.
-Ингэхийн тулд манайхан чадвартай байх хэрэгтэй байх. Мэргэжил боловсрол гээд?
-Манай залуус чадна гэж бодож байна. Яагаад бид Монгол хүнийхээ үнэлэмжийг дээшлүүлж болохгүй гэж. Энэ тал дээр орон нутаг, төр засаг маш их анхаарал тавьж ар өврийн хаалга, нам улстөр гэхгүйгээр хийх бол давахгүй даваа биш шүү дээ.
-Нууц биш бол танай ажилчдын цалин хэдий хэр байна?
-Манай доод цалин 300 мянгаас 1,5 саяын хооронд байна. Энэ ажлын ачаалал, мэргэжлийн шатлалаас шалтгаалж харьцан адилгүй гэсэн үг.
-Гурван жил үйл ажиллагаа явуулж. Энэ хооронд хөл дээрээ хэр босож чадав?
-Ажил амжилттай явах тусам эргээд энэ нь манай компани болон ажилчдад минь үр өгөөжөө өгнө. Боломжийн явж байна. Хамгийн гол нь Петро Чайна компаниас авч байгаа мөнгө Монголдоо үлдэж монгол хүмүүстээ зарцуулагдаж байна. Энэ нь чухал. 200 хүний ард хэдэн хүн байгаа билээ. Тэдэнд цалин нь зарцуулагдана. Эргээд дэлгүүр хоршоо бизнес эрхлэгчдээ дэмжинэ.
-Тулгамддаг асуудал
-Монгол хүн Монгол аж ахуй нэгжийг авч ажилуулна гэдэг үгэнд нэг цоорхой байгаа юм. Нөгөө хуулийн цоорхой ашиглана гэдэг үг чинь биелэлээ олж байна. Жишээ нь нэг хятад хүн Монголд компани байгуулаад гэрээлэгчээр ордог. Яах аргаггүй Монголд  үйл ажиллагаа явуулдаг. Татвараа төлдөг, монгол хүн ажиллуулдаг. Тав гурван цаасны цалинг бидэнтэй л адил өгдөг. Гэтэл тухайн үн ашиг орлого олж л таараа. Тэр ашиг хаачих вэ?. Монголд л лав үлдэхгүй нь тодорхой. Дээр нь цаашид тогтвор суурьшилтай ажиллах, Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллах тал дээр сэтгэл гаргах эсэх нь эргэлзээтэй. Энэ тал дээр манай төрийн байгууллагууд анхаармаар санагддаг. Ядаж Монголчуудын ажиллах нөхцлийн стандарт шаардлагад нийцэхүйц байлгах гэх мэт.
-Төрийн байгууллагын хяналт шалгалтын дарамт ирэх үү?
-Төрийн байгууллагууд шалгаж л байдаг. Харамсалтай нь шалгалтын үр дүн санаанд хүрдэггүй. Нэг жишээ дурдахад энэ зун томоохон шалгалт газрын тосонд ирсэн. Би өөрөө очоод манайхыг шалгаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Шалтгаан нь би өөрөө төгс хүн биш. Алдаа дутагдал байж л таараа. Тэрийгээ мэдэж авъя гэж бодсон хэрэг. Гэтэл нөхдүүд над дээрээ баахан торгууль тавьчихаад яваад өгсөн. Харин хажууханд минь Хятад эзэнтэй манайх шиг компани асар бохир орчинд Монгол хүнийг ажилуулж байхад тэднийг яаж торгосон юм бүү мэд. Энэ мэт үл ойлголцол гарч л байдаг.
-Компанийн нийгмийн хариуцлага гэдэг юм чухал санагддаг. Энэ тал дээр хэр анхаарч байна?
-Аливаа бизнес эрхэлж ашиг олж  байгаа нөхцөлд эргээд тэр бялгийг бүтээж байгаа хүмүүстээ наалдацтай байх хэрэгтэй. Мөн цаашид өсөн дэвжих боломжийг нь хангах, урт удаан тогтовортой ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх нь чухал. Манай компанийн хувьд ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Манай ажилчид эхнээсээ манай ажилчид өөрийн гэсэн машинтай болж байна. Машиныг нь эргээд өөрийн компанидаа түрээслэж тухайн хүндээ хөрөнгө оруулалт хийж байна. Орон байртай болоход нь дэмжлэг үзүүлж байрных нь урьдчилгааг олгох гэх мэт олон ажлуудыг эхлүүлж байгаа. Манайх жилд хоёр удаа наадам, шинэ жилээр цалингийн урамшуулал олгодог. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд жил бүр оруулдаг. Цаашид аймаг орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах томоохон ажил хийхээр зураг төсвийн шатандаа явж байна.

-Газрын тосны зам там боллоо гэж иргэд эмзэглэдэг. Тээвэр хийхэд хүнд биз?
-Тэгэлгүй яахав. Эрсдэл их. Бидний ачааны машин 50-70 сая төгрөгийн үнэтэй. Гэтэл ачиж яваа ачаа нь хэдэн зуун сая, тэрбумын үнэтэй. Жаахан эдвэрч гэмтэхэд асар их хохирол хүлээнэ. Дээр нь зам харгуй хэцүү. Бэрхшээл бол их. Бид яагаад технологийн тээвэр гээд байгаа нь учиртай. Бүх зүйлийн техникийн аюулгүй ажиллагаа, асар их хариуцлага үүрч хийдэг учраас ингэж нэрлэж байгаа юм. Замын хувьд бол засмал тавих ямар ч боломжгүй. Яагаад гэвэл тогтсон маршрут байхгүй. Харин Баянхошуу чиглэл юм уу тосны тээвэрт бол боломжтой. Эхнээсээ тавьж байгаа. Баянхошуу руу 100 орчим км зам тавиад байгаа.
-Монголчууд тэнд ажиллах боломж байна гэж та хардаг юм байна. Жаахан тодруулаач?
-Монгол хүн монгол газартаа ажиллах боломж байлгүй яах вэ. Би нарийн мэргэжлээр хүмүүсээ сургаад технологийн салбарт нь ажиллах боломж байна. Чадвартай эмч, инженерүүдээ ажиллуулах хэрэгтэй. Гагцхүү төр засаг, орон нутгийн зохицуулалт чухал. Дээр нь ханган нийлүүлэх тал дээр ажиллах орон зай тэнд байна. Хүлэмжинд ногг тариад Хятадуудын нутагтаа иддэг ногоонуудыг нь тариад нийлүүлж болно, гахай өсгөөд нийлүүлж болно. Олон боломж харагддаг. Дээр нь тэдгээрийг хийх хүмүүсээ дэмжээд өгвөл болохгүй юм байхгүй шүү дээ.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг таны хувь ертөнц рүү чиглүүлье. Нутаг ус хаана вэ?
-Улаанбаатарт төрсөн. Аав Баярсайхан минь Баян-Дун сумын уугуул. Зураач барималч мэргэжилтэй, уран бүтээлч хүн. Өвөө Батзориг маань энэ суманд зоотехникчээр ажиллаж байлаа. Нутгийнхан бол танина даа. Миний хувьд дунд сургуулиа нийслэлийн 51-р дунд сургуулийг дүүргээд 2003 онд гадаад хэлний “Гэгээ” коллежийг хятад хэлний багш орчуулагчаар төгссөн. 2009 онд Тайванийн “Chengkung” их сургуульд мэргэжил дээшлүүлж ӨМӨЗО-ны “Шинжлэх ухаан технилогийн их сургууль”-д далд уурхайн хөдөлмөр хамгаалалтын чиглэлээр төгссөн. Залуу насанд сурах чухал гэж нэг үг байдаг даа. Одоо ШУТИС-д олборлолтын чиглэлээр сурч байна. Эхнэр охины хамт амьдардаг.
-Бидний урилгыг хүлээн авч үзэл бодлоо илэрхийлсэн танд баярлалаа. Амжилт хүсье.
Та бүхэнд мөн талархаж байна. Монголын төрийн далбаа монголоо бүрхэх болтугай гэж ерөөе.

Б.Туяа

Related news