Б.Гангаамаагийн маркны танилцуулга өдөрлөг болно гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-19 23:14:45

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат “Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа” сэдэвт блок марк гарсантай холбогдуулан Монгол шуудан компанийн Завхан салбар ирэх долоо хоногт маркны танилцуулга, урамшуулалт худалдаа явуулахаар болжээ.
Энэ үеэр тус маркийг худалдан авч анхны үйлчилгээг авсан хэрэглэгчиддээ урамшуулал олгож Монгол улсын гавьяат тамирчин, Бадамгаравын Гангаамаагийн амьдрал, амжилтын талаарх танилцуулга мэдээллийг өгөх өдөрлөг зохион байгуулах ажээ.
Б.Гангаамаа нь 1989 онд Завхан аймгийн Отгонтэнгэр уулаар анх энэ спортод хөл тавьсан бөгөөд 2019 онд 30 жилийн ой тохиох юм. Монгол Улсын ноён оргил Алтай таван богдын Хүйтэн ууланд 1998 онд анх авирсан, энэ жил 20 жилийн ой нь тохиож байна. Тэрбээр эх орныхоо ноён оргилд хамгийн олон гарсан, Дэлхийн ноён оргил Эверестэд гарсан хоёр дахь Монгол хүн буюу анхны эмэгтэй уулчин гээд олон содон амжилтын эзэн болсон жинхэнэ Отгонтэнгэрийн охин юм.
Монгол маркийн түүхэнд уулын спортын “Монгол уулчид Гималайд” сэдэвтэй шуудангийн маркийг Монголын уулчдын холбооны 50 жилийг тохиолдуулан 2001 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гүйлгээнд гаргасан бөгөөд энэ удаа 17 жилийн дараа уг маркийг гаргаж байна. Энэхүү марканд Антарктидын Винсон массив /4897 м/, Европ тивийн Эльбрус /5642 м/, Африк тивийн Килиманжаро /5895/, Хойд Америкийн Денали /6194 м/, Өмнөд Америкийн Аконкагуа /6962 м/, Австрали ба Далайн Карстенз пирамид /4884 м/, Австралийн Косиюско /2228 м/, Ази тивийн Эверест /8848 м/, ноён оргилууд болон мөнх цаст Эверестийг давахаар нисч буй хос хун, түүний наана Төрийн далбаагаа өргөн зогсох Б.Гангаамааг дүрсэлсэн байгаа. Маркийн дэлгэрэнгүй мэдээллийг бид үйлчлүүлэгчиддээ өдөрлөгийн үеэр өгнө. Дашрамд марк маань нийт 15000 ширхэг хэвлэгдсэн байгаа. Завханы сонин, содон марк цуглуулагч, мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчид маань тун удахгүй анхны эзэн, хэрэглэгч болно хэмээн Монгол шуудан компанийн Завхан салбарын дарга М.Даваасүрэн мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

Related news