Сумдад талхны цех баригдсанаар 70 гаруй иргэн ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-22 16:45:26

Завхан/МОНЦАМЭ/. Завханы 18 сум талх нарийн боовны цехтэй болж орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээг хангаад зогсохгүй ажлын байр нэмэгджээ. Завхан Хүнс групп ХХК-ний санхүүжилтээр 2017 онд Завханы 15 сумд талх нарийн боовны цехийг барьж байгуулан тоног төхөөрөмжөөр бүрэн хангажээ.
Харин энэ жил нэмж гурван сум талх нарийн боовны цехтэй болсон байна. Ингэснээр нийт 18 сумын 70 гаруй ажилгүй иргэд байнгын ажлын байртай болжээ. Түүгээр ч барахгүй хөдөөгийн иргэд өөрсдийн сумандаа үйлдвэрлэсэн шинэхэн талх боовыг хэрэглээд зогсохгүй тэмдэглэлт баяр ёслолын үеэр бялуу, кекс, пицца гэхчлэн аймгийн төвөөс тээвэрлэдэг байсан нарийн боовныхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон аж. Сум бүрийг талх нарийн боовны цехтэй болгох ажлыг “Завхан нэгдэл” төслийн хүрээнд 2016 оны 11-р сараас эхлэн хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд “Эрүүл хүнс” дэд хөтөлбөрийг сум бүрт хэрэгжүүлж 24 сумыг талх нарийн боовны цехтэй болгох, улмаар ажилгүй өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажилтай орлоготой байлгахыг зорьжээ. “Завхан нэгдэл” төслийн зүгээс цаашид бусад сумдад талх нарийн боовны цех барих ажлыг эхлээд байгаа бөгөөд хөдөө сумдын иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах олон зорилтот ажлыг хийж буй талаарх мэдээллийг өглөө. 
Дашрамд сумдад үйлдвэрлэгдсэн талх нарийн боов аймгийн төвд борлуулагдаж буй бүтээгдэхүүнүүдээс даруй 300-500 төгрөгний хямд өртгөөр борлуулагддаг байна. 

Б.Мягмарсүрэн


Related news