Ерөнхий сайд Баянхонгор аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэднийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, ард иргэд төв талбайд угтан авч, Баянхонгор аймгийн цэргийн хүрээ жагсаж, хүндэтгэл үзүүлэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгор аймагт Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үржлийн технологит ажил үйлчилгээний жилийн ажлын нээлтэд оролцлоо. Мал эрүүлжүүлэх ажлыг бүх нийтийн үйлс болгон зохион байгуулахаар Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ үйл ажиллагааны нээлтэд хэлсэн үгэндээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хүн ардаа эрүүл саруул байлгаж, эрүүл хүнсээр хангая гэвэл мал сүргээ эрүүл байлгах хэрэгтэй. Мал эрүүл бол хүн ард нь эрүүл байна. Тиймээс Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байгаа энэ ажилд Баянхонгорчуудыг сэтгэл зүрхээрээ дэмжин хамтран ажиллаарай" хэмээн онцлов.
Мөн малд хийх вакцины дээжийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Батжаргалд, аймгийн Эрүүл мэндийн газар, Бууцагаан сумын Эрүүл мэндийн төвд тус тус УАЗ пургон машины түлхүүр гардуулсан юм.
Төрийн албан хаагчидтай хийх уулзалтаар Ерөнхий сайдын ажлын айлчлал үргэлжилж байна.
Ерөнхий сайдын томилолтын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нарын зэрэг албаныхан багтжээ.
Б.Мөнхзул