Галд өртөж орох оронгүй болсон иргэдэд өргөө цагаан гэр бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-19 21:41:31
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд угсармал 4 айлын орон сууц галд өртөж, дөрвөн өрх өмссөн хувцастайгаа үлдэн орон гэргүй болсон золгүй үйл явдал тохиосон байна.
Галд өртөж орох оронгүй болсон эдгээр өрхөд туслах аян өрнөж, сумын ард иргэд, төр төсөв, хувийн хэвшлийн байгууллагууд сэтгэл нэгдэн сайн санааны аян өрнүүлж эхэлжээ. УИХ-ын эрхэм гишүүн, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат найз нөхдийн хамт санаачилга гарган дээрх дөрвөн өрхөд өргөө цагаан гэрийг тусламж болгон илгээснийг УИХ-ын гишүүний зөвлөх Л.Баяртулга болон аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар гардуулан өглөө. Мөн аймгийн Засаг дарга Ш.Оргил дээрх өрхүүдэд зориулан хөнжил гудас, тогоо шанага, сав суулга зэрэг ахуйн хэрэглээний болон бусад эд зүйлсийг өгөхөө мэдэгдлээ. Мөн энэ үеэр хэлж ирдэггүй хийсч ирдэг гал усны гашуун зовлонд өртөн орон гэргүй болсон байсан  Шаамар сумын Дулаанхаан тосгоны иргэн М.Ганбаатарын гэр бүлд мөн аймгийн Засаг дарга Ш.Оргил нөөц хөрөнгөнөөсөө иж бүрэн таван ханатай гэр, гутал хувцас, ахуйн бараа, бусад хэрэгслэлийн хамт гардуулан өгсөн юм.
 
Ч.Отгонцэцэг
Related news