Иргэддээ хүн сурталгүй үйлчлэхийг сануулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын наймдугаар баг буюу Тахилгат тосгоны иргэд бэлчээр, тосгоны захирагчийн албаны хүнд, суртал, сахилга хариуцлагагүй байдал, өвөлжөө, хаваржааны зэрэг олон асуудал байгааг сумын Засаг даргадаа уламжиллаа.
Үүний хариуд сумын удирдлагууд Тахилгат тосгоны захирагчийн ажлын албаныханд төрийн албаны ёс зүйг чанд мөрдөж, хариуцлагатай, хүнд сурталгүй ажиллах талаар тодорхой үүргийг хугацаатай өгч эргэн мэдэгдэхийг анхааруулжээ.
Хэрлэн сум 2018 оныг "Багийн үйл ажиллагааг сайжруулах жил" болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга нараар ахлуулсан ажлын хэсэг Тахилгат тосгонд ажиллаж, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан юм. Өдөрлөгт тухайн багаас сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгч нар мөн оролцлоо.
Өдөрлөгийн үеэр Багийн ИНХ-ыг зохион байгуулж, сумын Засаг дарга хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийж, тосгоны захирагчийн ажилтай танилцсаны дараагаар багийн иргэдийн санал бодлыг сонсч, тулгамдсан асуудлуудад нь анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.
Тухайлбал, Тахилгат тосгоны соёлын үйл ажиллагааг дэмжиж, хөгжим аппаратураар хангах, мөн ЭМТөв-д эхо аппарат, дуудлагын автомашины асуудлыг шийдвэрлэх зэрэг хэд хэдэн томоохон дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.
Өдөрлөгт сумын газрын алба, төрийн сан, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга, БСУГ, ЭМНДХ-ийн мэргэжилтнүүд очиж, тус тусын төрийн үйлчилгээг Тахилгат тосгоны иргэдэд шуурхай хүргэн, тэдний санал бодлыг хуваалцаж ажилласан байна.