Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулах бодлого баримтална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-16 13:20:12
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн “Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцээд “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах, орон нутагт хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийн уялдааг хангах, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулах дундын техникээр хангах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэлийг аймгийн Засаг даргад өглөө.
2018 оны  байдлаар газар тариалангийн салбарт 85 аж ахуйн нэгж, 726 иргэн 91664 га эргэлтийн талбайг эзэмшиж, 48433 га-д тариалалт, 43231 га-д уринш хийж, талбайн ашиглалт 99,8 хувьтай байна.
Сүүлийн жилүүдэд төмс, хүнсний ногооны тариалалт өмнөх оноос буурч, аймгийн хүн амын хэрэгцээт хүнсний ногооны хангамж 16,5 хувьтай байна.
Энэ нь сумдын удирдлагууд хүн амын хүнсний ногооны хэрэгцээг хангах, тариалалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг механикжуулахад идэвхи санаачлага гаргадаггүй, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүйтэй холбоотой гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дүгнэсэн байна.
Мөн тариалангийн талбайг малаас чөлөөлөх, тариалсан талбайд мал орж, сүйтгэсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулах, төмс, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, механикжуулах ажлыг дэмжин, сумынхаа дотоодын хэрэгцээг бүрэн хангах, зоорины хангамжийг нэмэгдүүлэх, өвөл, зуны загвар хүлэмж байгуулах ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга нарт даалгажээ.
М.Батжаргал
Related news