Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж 16 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-22 15:17:09
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 27-29-ны өдрүүдэд тэмдэглэнэ.
Энэ талаар аймгийн Засаг даргын орлогч, баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Цэрэндондогийн Бат-Өлзийтэй уулзаж ярилцлаа.
- Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан бүтээлч ажил нэлээд хийлээ. Ямар онцлог ажил хийсэн бэ?
- Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан нийт Булганчуудад аа, Монгол орныхоо өнцөг булан бүрт суугаа энэ нутгийн уугуулт бүх хүмүүст баярын мэнд өргөн дэвшүүлье.
Аймгийн ИТХ, ЗДТГ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаад бүтээн байгуулалтын чанартай нэлээд ажлыг хийхээр төлөвлөж, 2016 онд аймгийн ИТХ-аас “80 бүтээлч ажлын жагсаалт” гаргаж түүнийгээ хэрэгжүүлж гүйцэтгэхээр ажиллаж байна.
Бүтээлч ажлын гол чиглэл Булган сум, аймгийн төв буюу хотжилт, тохижилтыг сайжруулахад чиглэж байгаа. 80 бүтээлч ажлын жагсаалтыг гаргахдаа Булган сумын иргэд, хөдөөгийн бусад сумын ИТХ, ЗДТГ, ард иргэдийн саналыг авч үзсэн юм. Саналын гол агуулга аймгийн төвийн тохижилт бүтээн байгуулалтыг сайжруулах нь нэн тэргүүний зорилт байна гэдэг нь санаа гарч байсан. Аймгийн төвд тавигдах авто зам, замын байгууламжийг засан сайжруулах, автотмашины зогсоол, талбай, Булган хотын ногоон байгууламжийн хэмжээ, хүрээг нэмэгдүүлэх, гэрэлтүүлгийн чанар болон өнгө үзэмжийг дээшлүүлэх ажлыг хийж байна.
Мөн албан байгууллага аж ахуйн нэгж, байгууллага орчноо сайжруулах, хаяг чимэглэлээ нэмэгдүүлэх ажил хийж байна.
Бүтээн байгуулалтын гол том ажлаас дурдвал, орон нутгийн төсвийн хөрөнгө болон “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар аймгийн баяр наамдын цэнгэлдэх хүрээлэнг засаж тохижуулах ажил хийж байна.
Нийтдээ ой угтаж 16 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж байна.
“Диваажин” сүм, Чин ван Ханддоржийн талбайг засварлан тохижууллаа. Булган сум руу орж ирэх хот хоорондын замуудад хаалга, аялал жуулчлалын цогцолбор байгуулж байгаа. Булган-Мөрөнгийн чиглэлийн авто замд “Эвсэг сайхан” ХХК өөрийн хөрөнгөөр хаалга барилаа. Эрдэнэт-Булганы чиглэлийн замд орон нутгийн төсвийн хөрөнгөөр аялал жуулчлалын хөшөөт цогцолбор байгуулж байна. Булган-Улаанбаатарын чиглэлийн замд байдаг Цагаан хаалгыг тээврийн байгууллага, ахмад тээвэрчдийн үр хүүхдүүд хандиваар тохижуулах ажил хийлээ.
Сум болгон өөр өөрсдийн боломжид нийцүүлэн аймгийн ойг угтаж бүтээн байгуулалтын чанартай ажлуудыг хийж байгаа. Сэлэнгэ суманд 400 гаруй метрийн урттай том гүүр ашиглалтад орлоо. Хялганат тосгонд томоохон цогцолборын барилга барилаа. Энэ нь бүс нутгийн хэмжээний уралдаан тэмцээнийг зохион байгуулах боломжтой болж байгаа юм. Сэлэнгэ сум өөрийн хөрөнгө болон аймгийн төсвийн дэмжлэгтэйгээр мэдээлэл, соёл, спортын цогцолборын барилга ашиглалтад оруулж байна.
Мөн ой баяр наадмын арга хэмжээ мэдээж цэвэр цэмцгэр зохион байгуулалт сайтай байх ёстой. “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аяныг 2017, 2018 онуудад зохион байгуулж байна. Орчны хог хаягдлыг багасгах, суурин газрын ариун цэвэр соёлжилтыг сайжруулах чиглэлээр тодорхой удирдамж гаргаад аяныхаа хүрээнд энэ ажлыг зохион байгуулаад явж байна.
- Ой тэмдэглэнэ гэдэг нэгэн түүхийг бүтээнэ. Энэ талаар ямар уран бүтээл гарч байна вэ?
- Ойд зориулсан ном хийж байна. 2008 онд аймаг байгуулагдсаны 70 жилийн ойгоороо “Булган аймгийн бага нэвтэрхий толь” гаргасан. Үүнийг баяжуулаад сүүлийн 10 жилийн хугацаанд гаргасан ололт амжилт, онцлог түүхээ нэмээд гаргаж байна.
Мөн аймгийн түүхийн хоёр боть ном Хишиг-Өндөр сумын уугуул залуу эрдэмтэн Э.Жигмэддорж бичиж хэвлүүллээ.
Аймгийн ойд зориулсан баримтат кино хийж байгаа бол нутгийн тухай дууны СD гаргаж байна.
Булган аймаг 19000 өрхтэй. Өрх бүртээ гарын бэлэг болгож “Булган аймгийн бага нэвтэрхий толь” ном бас жижиг бэлэг бэлтгэсэн байгаа. Анхдагч алдартны өлгий гэдгээр бахархаад байдаг учир анхдагч алдартнаа сурталчлах зорилгоор энэ номыг сонгосон. Оюунлаг бэлэг байлгая гэсэн санаагаар ном бэлэглэнэ.
М.Батжаргал

Related news