Гэр хорооллыг цэвэр ус, дулаанаар хангаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн гэр хорооллын Баянбулаг багт ус, дулаан дамжуулах төв ашиглалтад орсноор зөөврийн устай болон уурын зуухаар галладаг сургууль, цэцэрлэгийн асуудал шийдэгдлээ.
Ус, дулаан дамжуулах төвийг орон нутгийн 608 сая төгрөгөөр “Жам” ХХК барьжээ. Сургууль, цэцэрлэг, албан байгууллага, орон сууцыг цэвэр ус, дулаанаар хангахын тулд 423 метр шугам, ариутгах татуурга суурилуулжээ. Баянбулаг багт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Тухайлбал, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Ахмадын ордон, Ахмадын сувилал, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сургууль гээд тоочвол олон бий. Мөн 10 дугаар хорооллын орон сууцыг ус, дулаанаар хангах юм. Энэ мэтчилэн тус багт ирэх онд хийх бүтээн байгуулалт олон байгаа ажээ.
Дашрамд дурдахад, Орхон аймаг 2015 онд гэр хорооллыг инженерийн шугамд холбоход орон нутгаас зургаан тэрбум төгрөг төсөвлөжээ. Уг хөрөнгөөр таван газарт ус, дулаан дамжуулах төв, цэвэр, бохир ус дамжуулах 10 км шугам гээд нийт 26 ажил хийж байна. Ажлын явц хэвийн үргэлжилж байна.
Б.Оюун-Эрдэнэ