Он гарсаар 6519 гомдол мэдээлэл хүлээж аваад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-09-11 12:46:42
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурорын газар нь энэ оны эхнээс 6519 гомдол, мэдээллийг хүлээн авч хяналт тавьж ажилласнаас 2.62 хувьд нь прокуророос зөрчлийн хэргийн дугаар олгосон байна. Эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд нь нийт хүлээн авсан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 190-ийг нь хүлээн авахаас татгалзаж, 6155 буюу 94.4 хувийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Үүнээс 16 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байгаа аж.
Зөрчлийн хэргийн дугаар олголтыг байгууллага тус бүрээр нь авч үзэхэд Цагдаагийн байгууллага 161, Мэргэжлийн хяналтын газар 3, Татварын хэлтэс 4, бусад байгууллага 3 зөрчлийн хэрэг нээж ажиллагаа явуулжээ. Зөрчлийн 171 хэрэг нээснээс эрх бүхий албан тушаалтан 45 хэрэгт торгуулийн шийтгэл оногдуулж, шүүхээс 117 этгээд баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
“Зөрчлийн хэрэг гарсан байдлыг нутаг дэвсгэрийн харьяаллаар судалж үзэхэд Улаангом сум 54.9 хувь, Өмнөговь сум 17.5 хувь, Тэс, Наранбулаг, Тариалан сум тус тус 4 хувь, Сагил сум 2.9 хувь, Малчин сум 3 хувь, Зүүнхангай сум 1.16 хувь, Завхан, Ховд, Өлгий, Өндөрхангай, Зүүнговь сум тус тус 0,5 хувьд нь зөрчлийн хэрэг үйлдэгджээ. Улаангом суманд нийт зөрчлийн 54.9  хувь үйлдэгдсэн байгаа нь бусад сумдаас харьцангүй их хувийг эзэлж байна. Харин 2017 оны сүүлийн хагас жилтэй харьцуулахад 18.6 хувиар буурсан” хэмээн аймгийн Прокурорын тамгын газрын дарга Х.Төгөлдөр хэллээ.
Улаангом суманд гарч буй зөрчлийн ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн, бусдын биед халдсан, бусдын эд зүйлийг хулгайлсан гэх зөрчлүүд байгаа аж.
Б.Батхүү
Related news