Голланд залуу найз бүсгүйгээ онгоцны буудалд 10 хоног хүлээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНМЕЛЬБУРН. /ВВС/. Хайр дурлалдаа шатсан голланд залуу найз бүсгүйгээ Хятадын нисэх онгоцны буудалд 10 хоногийн турш хүлээсний улмаас сульдаж ядран эмнэлэгт хүргэгджээ.
41 настай Александр Пиетер Кирк онлайноор танилцсан Жан овогт хятад эмэгтэйтэй уулзахаар саяхан Голландаас Хятадын Хунань мужид очсон байна.
Гэвч тэрбээр Жан бүсгүйг хүлээн Чаншагийн нисэх онгоцны буудалд 10 хоногийг өнгөрүүлжээ.
Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Кирк ярилцага өгөхдөө “би 26 настай Жан гэдэг бүсгүйтэй хоёр сарын өмнө онлайноор танилцаад, түүнд дурласан” гэжээ.
Энэ ярилцлагыг авсан телевизийнхэнтэй Жан холбоо барин “би түүнийг тоглож байна гэж бодсон” гэсэн байна.
Тэрбээр цааш нь ярихдаа “нэг өдөр Кирк над руу онгоцны билетийн зураг явуулаад “би чам руу очлоо” гэсэн. Би түүнийг тоглож байна гэж бодсон. Кирк дараа нь надтай холбоо бариагүй” гэжээ.
Мөн Жан бүсгүй “Киркийг нисэх онгоцны буудалд ирсэн тэр үед би өөр мужид гоо сайхны мэс засалд орж байсан. Гар утсаа унтраасан байсан” гэж ярьжээ.
Г.Доржханд