Хүнсний хомсдол ирэх жил улам даамжирч болзошгүйг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-09-13 17:06:31

РОМ. /NHK/. Өнгөрсөн сараас Украинаас үр тариа экспортолж эхэлснийг үл харгалзан ирэх жил дэлхий даяар хүнсний хомсдол даамжирч болзошгүй болохыг Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгч сэрэмжлүүлжээ.


Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Ойрхи Дорнод, Хойд Африк, Зүүн Европын бүсийн асуудал эрхэлсэн захирал Коринн Флейшер даваа гарагт “NHK” телевизэд ярилцлага өгөх үеэрээ энэ талаар ярьсан байна.


Түүний хэлснээр, Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг сэргээсэн нь томоохон алхам болсон хэдий ч Оросын довтолгоо Украин дахь тариалангийн талбай, дэд бүтцэд, ялангуяа их хэмжээний хүнс үйлдвэрлэдэг зүүн нутгаар  ихээхэн хохирол учруулжээ.


Улмаар ирэх улиралд Украины үр тарианы ургацын хэмжээ өмнөх улиралд 100 сая тонн байсантай харьцуулахад 30 орчим хувиар буурна гэж К.Флейшер таамаглаж байна. Мөн бордооны үнэ нэмэгдсэнээс үүдэлтэй асуудлуудаас шалтгаалан дэлхий даяар ургац буурч магадгүйг анхааруулжээ.


Үүний зэрэгцээ Пакистанд нүүрлэсэн үерийн гамшиг, Хятад, Европт тохиосон ган гачиг зэрэг цаг агаарын хэвийн бус үзэгдлүүд нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. Түүний ярьснаар, өнөөгийн нөхцөл байдал ирэх жил хүртэл үргэлжилбэл “дэлхий нийтийг хооллож ундлах хангалттай хоол хүнс байхгүй болж" магадгүй байна.


Иймд тэрбээр ирэх жил болох “Долоогийн бүлэг”-ийн уулзалт хуралдааныг даргалан явуулаx Япон улсаас энэ асуудлыг хөндөн хэлэлцэхийг хүсжээ.

関連ニュース