АНУ, Канадын цэргийнхэн үл мэдэгдэх объектыг буудан унагаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ОТТАВА. /BBC/. Хойд
Америкийн агаарын орон зайд дахин нэг үл мэдэгдэх объектыг буудан унагаасан
талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэв.
Түүний хэлснээр,
уг объект “Канадын агаарын орон зайг зөрчсөн” бөгөөд Канадын баруун хойд
нутгийн Юкон мужийн дээгүүр нисэж байхад нь буудан унагаажээ.
Канад,
АНУ-ын онгоцуудыг объектыг хайж олоход дайчилсан бөгөөд АНУ-ын “F-22” сөнөөгч онгоцноос харван устгасан байна.
Өнгөрсөн долоо
хоногийн хугацаанд Хойд Америкийн дээгүүр нисэж байхад нь буудан унагаасан
гурав дахь объект энэ болж байна.
Тодруулбал,
Америкийн цэргийнхэн өнгөрсөн долоо хоногт Хятадын агаарын бөмбөлгийг, мөн энэ
баасан гарагт Аляскагийн дээгүүр нисэж байсан жижиг автомашины хэмжээтэй объектыг
буудан унагаасан юм.
Канадын
Ерөнхий сайд Ж.Трюдогийн хувьд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьж, холбогдох
тушаалыг өгсөн гэдгээ мэдэгдсэн байна.
“Канадын
цэргийнхэн одоо объектын үлдэгдлийг сэргээж, дүн шинжилгээ хийнэ” гэж Ж.Трюдо “Twitter” хуудсандаа нийтэлжээ.
Канадын Батлан хамгаалахын сайд Анита Анандын сэтгүүлчдэд мэдээлснээр, объект
Юконы төвийн хэсгийн дээгүүр 12 мянга орчим метрийн өндөрт нисэж байсан бөгөөд
бямба гарагт орон нутгийн цагаар 15:41 цагийн орчимд буудан унагаасан байна. Тэрбээр
объектыг “жижиг”, “цилиндр хэлбэртэй” гэж тодорхойлжээ.