Энэтхэгт үйлдвэрлэсэн ханиалга дарах сиропны талаар сэрэмжлүүлэг гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ./DW/. Иракт худалдаалж буй Энэтхэгт үйлдвэрлэсэн “Cold Out” гэдэг ханиалга дарах сиропны талаар ДЭМБ даваа гарагт дэлхий нийтэд хандан сэрэмжлүүлэг түгээлээ.
Уг эм хорт бодисын агууламжтай болох нь тогтоогдсон байна.
"Стандартын шаардлага хангаагүй уг бүтээгдэхүүний багц нь аюултай. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэвэл, ялангуяа хүүхдэд өгвөл ноцтой өвчлөл, үхэлд хүргэж болзошгүй" гэж сэрэмжлүүлэгт анхааруулжээ. Энэ бол сүүлийн 10 сарын хугацаанд Энэтхэгийн эм үйлдвэрлэгч компаниудад өгч буй тав дахь удаагийн сануулга юм.
Сиропыг Энэтхэгийн “Dabilife Pharma”компанийн захиалгаар “Fourrts Laboratories”-д үйлдвэрлэсэн бөгөөд хорт бодисынх нь агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байсныг ДЭМБ мэдэгджээ. Гэсэн хэдий ч “Fourrts Laboratories” компанийн дэд ерөнхийлөгч Бала Сүрэндран өнгөрсөн сард “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө, уг эмийг өөр туслан гүйцэтгэгч компанид үйлдвэрлэсэн бөгөөд дээжээс нь хорт бодис илрээгүй гэдгийг хэлсэн байна.
Иракийн зах зээлд борлуулагдаж байсан сиропны найрлагад диэтилен гликол 0.25 хувь, этилен гликол 2.1 хувь байжээ. Энэ хоёр бодисын аюулгүй байдлын зөвшөөрөгдөх хязгаар нь 0.10 хүртэл хувь байдаг гэж ДЭМБ мэдэгджээ. Үйлдвэрлэгч ба борлуулагчийн аль аль нь бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын талаар ДЭМБ-д баталгаа өгөөгүй юм.
ДЭМБ-аас гаргасан уг сиропны "гаж нөлөөний” жагсаалтад "хэвлийн хөндийн өвдөлт, бөөлжих, суулгах,
шээс ялгаруулах чадваргүй болох, толгой өвдөх, сэтгэцийн өөрчлөлт, үхэлд хүргэж
болзошгүй бөөрний цочир
гэмтэл" оржээ.
Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас Иракт хийсэн шинжилгээнд тус эмийн найрлага шаардлага хангаагүй тул бүтээгдэхүүнийг зах зээлээс хурааж эхэлсэн гэж “Bloomberg” мэдээллээ. Өнгөрсөн онд Энэтхэгийн “Maiden Pharmaceuticals” компанид үйлдвэрлэсэн ханиалга дарах сиропыг хэрэглэсний улмаас Гамби, Узбекистан улсад 89 хүүхэд нас баржээ. Мөн Камеруны хүүхдүүдийн үхэлтэй холбоотой “Riemann Labs”-д үйлдвэрлэсэн сиропоос хорт бодис илэрсэн байна. Түүнчлэн гуравдугаар сард “Marion Biotech” компанийн ханиалга дарах сиропыг хэрэглэсний улмаас Узбекистанд 18 хүүхэд нас барсны дараа тус компани лицензээ хураалгасан ба зарим ажилтныг нь баривчилжээ.
Энэ бүхэнтэй холбогдуулан Энэтхэгийн эрх баригчид ийм тохиолдлоос урьдчилан сэргийлэхийн
тулд ханиалга дарах сиропыг экспортлохын
өмнө дээжийг нь шинжилгээнд заавал оруулж байхыг компаниудад үүрэг болгосон байна.