НӨАТ-ын баримт олгох нь хойрго байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээ эрхлэгчид иргэдэд НӨАТ-ын баримт олгох нь хойрго байна.
Уг нь бол татвар төлөгчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, иргэдэд худалдан авалт хийх бүрт нь баримт олгох ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар Увс аймагт шатахуун түгээх станцууд л боломжийн хэмжээнд НӨАТ-ын баримт олгож байна. Бусад төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчид тоног төхөөрөмж ажиллахгүй байна, интернэтийн эрх дууссан гэх мэт ямар нэгэн шалтгаанаар баримт олгохгүй байгаа юм. Мөн баримт олгосон ч гэсэн тухайн мэдээллээ мэдээллийн баазад илгээхгүй байгаагаас ард иргэд НАӨТ-ын азтан шалгаруулах сугалаанд оролцох боломжгүй болж, НӨАТ-ын буцаан олголтыг ч авах аргагүйд хүрээд байна. Ер нь иргэд төлбөрийн баримтаа нэхэхгүй л бол худалдаа үйлчилгээ эрхлэгчид санаагаараа баримт олгох нь тун цөөн байна.
“НӨАТ-ын баримт олгоогүй татвар төлөгчийн олсон орлогынх нь хоёр хувийг торгох хуулийн заалт байдаг. Хэрвээ худалдан авагч бүртээ баримт олгоод байвал тухайн худалдаа үйлчилгээ эрхлэгчийн ашиг орлого тэр хэрээр нэмэгдэх юм” хэмээн аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч З.Оюунгэрэл мэдээллээ.
Увс аймаг Б.Батхүү