Ирээдүйн од Виктор Вембаньяма домогт Т.Данканы амжилтыг давтлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-11-16 13:48:24

МОСКВА, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /Sport.ru/. Ирээдүйтэй гэгдэж буй "Сан-Антонио Спeрс" багийн төвийн тоглогч Виктор Вембаньяма өнгөрсөн шөнө болсон тоглолтод багаа хожигдлоос аварч чадсангүй. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтонд техасчууд "Миннесота Тимбервулвз" багт 110:117 харьцаагаар хожигджээ.

 

Гэхдээ Вембаньяма 35 минутын турш тоглохдоо нийт 29 оноо авч, 9 удаа самбараас бөмбөг авч, 4 удаа оновчтой дамжуулалт хийж, 4 удаа бөмбөгийг хааснаар түүний үр дүнгийн үзүүлэлт "+3" болжээ. ESPN сувгийн мэдээлснээр, өдгөө 19 настай, 223 см өндөр тэрбээр нэг тоглолтонд 25+ оноо авч, 4+ удаа блок шот хийж чадсан нь “Сан-Антонио” багт шинээр орж ирсэн тоглогчдын хувьд 1998 оноос хойш үзэгдээгүй онцгой амжилт юм. Ийм амжилтыг өмнө нь NBA-гийн таван удаагийн аварга домогт Тим Данкан үзүүлж байлаа.

Францын иргэн Виктор Вембаньяма бол энэ онд драфтын нэг номероор "Сан-Антонио Спeрс" багт элсэн орсон залуу тоглогч билээ. Түүнийг сүүлийн 10 жилийн хугацаанд NBA-д орж ирсэн  хамгийн ирээдүйтэй тоглогчдын нэг гэж сагсан бөмбөгийн шинжээчид, мэргэжилтнүүд үнэлдэг.

 

Хэдийгээр маш өндөр нуруутай боловч Виктор гурван онооны шугамаас гайхалтай сайн шиддэг, мөн холбон тоглодог гэдгээрээ сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байгаа юм.      





関連ニュース