Улаан тэнгисээр дамжин өнгөрөх тээвэрлэлт 30 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-02-01 14:30:09

ДУБАЙ, 2024 оны хоёрдугаар сарын 1 /AFP/. Йемений хутичуудын халдлага үргэлжилсээр байгаагийн улмаас Улаан тэнгисээр дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ он гарснаас хойш ойролцоогоор гуравны нэгээр багассан тухай Олон улсын валютын сан /ОУВС/ лхагва гарагт мэдээлэв.


ОУВС-гийн Ойрхи Дорнод, Төв Азийн асуудал эрхэлсэн газрын захирал Жихад Азурын хэлснээр, чингэлэг тээвэрлэлт ойролцоогоор 30 хувиар буураад байгаа бөгөөд энэ оны эхнээс эрчимтэй багасах болсон байна. 


Иранаар дэмжүүлсэн хутичууд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-нөөс хойш арилжааны хөлөг онгоцууд болон тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд руу 30 гаруй удаа халдлага үйлдсэн гэж Пентагон мягмар гарагт мэдэгдсэн байна. Хутичууд 10 дугаар сараас хойш Газын зурваст өрнөж буй Израил-ХАМАС-ын дайныг эсэргүүцэж, палестинчуудтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн ийм халдлагуудыг үйлдсээр байгаа юм.  


ОУВС-гийн PortWatch платформын мэдээллээр, энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Суэцийн сувгаар дамжин өнгөрсөн ачааны хэмжээг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 37 хувиар буурсан байна. 


Хутичуудын халдлага нь тээвэрлэгч компаниудын хөлөг онгоцууд Улаан тэнгисээр тээвэр хийхээс зайлсхийж, Африкийн урдуур тойрч гарахад хүргэсэн гэж Олон улсын далайн тээврийн танхим мэдээлжээ. Улаан тэнгис бол дэлхийн худалдааны ачаа эргэлтийн 12 орчим хувь нь дамжин өнгөрдөг чухал зам билээ. 


Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өөрчлөв


Улаан тэнгисийн тээвэрлэлтийг хамгаалах эвслийг АНУ санаачлан тэргүүлж байгаа бөгөөд хутичуудыг террористуудын жагсаалтад" дахин оруулах замаар дипломатын болон санхүүгийн дарамт шахалт үзүүлэхийг эрмэлзэж байна.


Улаан тэнгис бол Европын худалдаанд онцгой ач холбогдолтой зам юм. Өнгөрсөн долоо хоногт Европын Холбооны /ЕХ/ худалдааны комиссар мэдэгдэхдээ, босогчид халдлага үйлдэж байгаагийн улмаас Улаан тэнгисээр дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээ сард 22 хувиар буурсан гэжээ.

Олон улсын усан тээврийн замыг хамгаалахад тус дөхөм үзүүлэх зорилгоор ЕХ Улаан тэнгист цэргийн ажиллагаа явуулж эхлэх гэж байна. Холбооны гишүүн орнууд уг төлөвлөгөөг урьдчилсан байдлаар дэмжсэн бөгөөд хоёрдугаар сарын 19-нд болох Гадаад хэргийн сайд нарын хурлаар эцэслэн батлах бололтой. 


АНУ, Их Британи улсууд Йемен дэх хутичуудын байрлалд удаа дараа цохилт өгсөн боловч Иранаас дэмжлэг тусламж авдаг тус хөдөлгөөнийхөн хөлөг онгоцуудад цохилт өгөх чадалтай хэвээр байна.


Израил-ХАМАС-ын дайны улмаас Ойрхи Дорнод болон Хойд Африкийн орнуудын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ОУВС шинэчлэн танилцуулахтай зэрэгцэн тус сангаас Улаан тэнгисийн тээвэртэй холбоотой дээрх мэдээллийг хийжээ.


ОУВС-гийн шинжээчид тус бүс нутгийн эдийн засаг энэ онд 2.9 хувиар өснө гэж таамаглаж байгаа нь өнгөрсөн 10 дугаар сарын төсөөллөөс 0.5 пунктээр доогуур тоо юм. Бүс нутгийн хөгжиж буй орнууд болон дунд орлоготой орнуудын нийт санхүүжилтийн хэрэгцээ 2023 онд 156 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 186 тэрбум ам.доллар болж өснө гэж ОУВС тооцоолжээ.

 


関連ニュース