АНУ, Япон, Солонгост сайн дурын ажиглагчид санал авах явцыг хянаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад суугаа иргэд өчигдрөөс саналаа өгч эхэлсэн.
Үүнтэй холбогдуулж "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас томилсон нам бус, сайн дурын ажиглагчид АНУ, Япон, Солонгос улсад санал авах явцыг ажиглаж байна. Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлээд буй. Цагийн бүсийн зөрүүгээс хамаарч хамгийн анхны санал хураалт Австрали улсын Канберра хот дахь салбар комисст эхэлсэн бөгөөд 34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисст санал авах ажиллагаа үргэлжилж байна.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй сонгогч энэ сарын 20, 21, 22, 23-нд 07:00-22:00 цагийн хооронд /тухайн улсын орон нутгийн цагаар/ саналаа өгөх юм. Гадаад улсад суугаа сонгогчид зөвхөн өөрийн дэмжиж буй нам эвсэлд саналаа өгнө.
Дотоодын ажиглалтын хувьд Төв, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Хөвсгөл, Увс, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Сэлэнгэ аймагт 25 ажиглагч ажиллах ба Улаанбаатар хотын 6 дүүргийн 120 хэсэгт 240 хүн ажиллахаар бэлтгэлээ хангажээ.