Хятадад тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-07-24 12:11:59

БЭЭЖИН, 2024 оны долоодугаар сарын 24 /BBC/. Хятад улсад хүн амын хөгшрөлт, тэтгэврийн тогтолцооны хямралыг даван туулахын тулд ирэх таван жилийн хугацаанд хуулиар тогтоосон тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.


Тус улсын хүн амын дундаж наслалт 1949 оны коммунист хувьсгалын үед ердөө 36 байсан бол өдгөө АНУ-аас дээгүүр түвшинд буюу 78 болж нэмэгджээ. Харин тэтгэврийн насыг дэлхийд хамгийн доогуур түвшинд тогтоосон хэвээр байгаа бөгөөд эрэгтэйчүүдийнх 60, оффист ажилладаг эмэгтэйчүүдийнх 55, ажилчин эмэгтэйчүүдийнх 50 нас байна.


Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх төлөвлөгөө нь өнгөрсөн долоо хоногт болсон Гуравдугаар бүгд хурал гэгддэг Коммунист намын дээд түвшний таван жил тутмын хурлаас баталсан цуврал тогтоолуудад тусгагджээ. Зохих уян хатан байдлыг ханган сайн дурын оролцоотой байх зарчмын дагуу хуульд заасан тэтгэврийн насыг ухаалгаар, эмх цэгцтэйгээр, үе шаттайгаар нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг урагшлуулна гэж Намын төв хороо бодлогын гол баримт бичигтээ дурджээ.


Тэтгэвэрт гарах насыг хэдэн жилээр, хэзээ нэмэгдүүлэх талаар тодорхой заагаагүй боловч 2023 оны сүүлчээр гаргасан Хятадын тэтгэврийн хөгжлийн тайланд 65 нас бол холбогдох зохицуулалтыг хийсний дараах эцсийн шийдэл байж магадгүй гэжээ. Хятадын тэтгэврийн төсөв багассаар байгаа тул энэ төлөвлөгөөг сүүлийн хэдэн жилийн турш хэлэлцэж байгаа юм.


2019 онд Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академиас "тус улсын үндсэн тэтгэврийн сан 2035 он гэхэд мөнгөгүй болно" гэж мэдэгдэж байсан бөгөөд энэ бол Ковид-19” цар тахлаас өмнө гаргасан тооцоо юм. Үүний зэрэгцээ тус улсын хүн ам 2023 онд хоёр дахь жилдээ дараалан буурсан билээ.


Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх төлөвлөгөөнд сайн дурын” ба “уян хатан байдлыг онцолж байгаа бөгөөд энэ нь бүх хүнд тохирсон бодлого байхгүй гэдгийг эрх баригчид хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна гэж төрийн мэдлийн Global Times сонинд Хятадын хүн ам зүйчдийн хэлснийг эш татан бичсэн байна. Үүний зэрэгцээ уг төлөвлөгөөнд эргэлзэж байгаагаа Хятадын интернэт хэрэглэгчид илэрхийлж байгаа ажээ.

 


関連ニュース