Хятадын Төв банк жилийн суурь хүүг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-10-21 12:43:20

БЭЭЖИН, 2024 оны аравдугаар сарын 21 /Xinhua/. Хятадын Ардын банк /Төв банк/ нэгдүгээр зэрэглэлийн зээлдэгчийн (LPR, loan prime rate) нэг жилийн хугацаатай зээлийн суурь хүүг бууруулж, ирэх сард 3.1 хувийн түвшинд байхаар тогтоолоо. Өмнө нь энэ үзүүлэлт 3.35 хувь байжээ. 


Тус банкны цахим хуудсанд мэдээлснээр, таван жилийн хугацаатай зээлийн хүүг мөн 3.85 хувиас 3.6 хувь болгож бууруулсан байна. Сар бүрийн 20-нд хэлэлцэн шийддэг LPR-ийг бууруулснаар компаниуд болон хэрэглэгчдийн зээлийн өртөг буурах юм. Эрх баригчид энэхүү хэрэгслийг ашиглан зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд нөлөөлж, үндэсний эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх боломжтой.


LPR нь олгосон болон шинээр олгох зээлийн эргэн төлөлтийн түвшинд нөлөөлдөг. Өнгөрсөн онд жилийн хүүг хоёр удаа бууруулжээ. Тодруулбал, эхний удаад зургаадугаар сард 3.55 хувьд, хоёр дахь нь наймдугаар сард 3.45 хувь болгож байв. Харин энэ онд нэг удаа, долоодугаар сард 3.35 хувь болгож бууруулсан байна. 


Мөн таван жилийн хугацаатай тогтоодог өрийн хүү нь ипотекийн зээлийн өртгийг тодорхойлдог байна. Өнгөрсөн оны зургаадугаар сард уг хүүг нэг удаа өөрчилж, 0.1 пунктээр бууруулж 4.2 хувь болгосон бол энэ онд хоёр удаа буюу хоёрдугаар сард (3.95 хувь) ба долоодугаар сард (3.85) бууруулжээ.






関連ニュース