“Голден Стэйт” хамгийн үнэ цэнтэй багаар гурав дахь жилдээ тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 25 /Forbes/. “Forbes” сэтгүүлээс энэ оны НБА-гийн хамгийн үнэ цэнтэй багуудын жагсаалтыг танилцууллаа.
Уг жагсаалтыг “Уорриорз” гурав дахь жилдээ тэргүүлжээ. Тус баг 8.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа нь НБА-гийн багуудын дундаж үнэлгээнээс хоёр дахин их байна.
Тоглолтыг үзэх үзэгчдийн тоо, мөн ивээн тэтгэгчдийн үзүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрснээр НБА 2023-24 оны улиралд 13 орчим тэрбум ам.долларын орлого олжээ. Ирэх улирлаас хэрэгжиж эхлэх хэвлэл мэдээллийн шинэ гэрээнүүд НБА-гийн орлогыг мэдэгдэхүйц өсгөнө.
“Forbes” сэтгүүлийн тооцоолсноор, НБА-гийн клубүүдийн дундаж үнэлгээ одоогоор 4.4 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн оныхоос 15 хувиар өссөн үзүүлэлт юм. Хамгийн үнэ цэнтэй багуудын жагсаалтын эхний гуравт “Нью-Йорк” (7.5 тэрбум), “Лейкерс” (7.1 тэрбум) багтжээ.
Энэ оны НБА-гийн хамгийн үнэ цэнтэй 10 баг
1. "Голден Стэйт" – 8.8 тэрбум ам.доллар
2. "Нью-Йорк" – 7.5 тэрбум
3. "Лейкерс" – 7.1 тэрбум
4. "Бостон" – 6 тэрбум
5. "Клипперс" – 5.5 тэрбум
6. "Чикаго" – 5 тэрбум
7. "Хьюстон" – 4.9 тэрбум
8. "Бруклин" – 4.8 тэрбум
9. "Даллас" – 4.7 тэрбум
10."Филадельфиа" – 4.6 тэрбум