Хамгийн өндөр настай Олимпын аварга эмэгтэй таалал төгсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБУДАПЕШТ, 2025 оны нэгдүгээр сарын 2. /ТАСС/. Хамгийн өндөр настай Олимпын аварга эмэгтэй Агнеш Келеши 103 насандаа нас нөгцсөн тухай Унгарын засгийн газар мэдээллээ.
Тэрбээр 104 нас хүрэхэд нэг долоо дутуу байв. Ерөнхий сайд Виктор Орбан Олимпын аваргын дурсгалыг хүндэтгэн нийгмийн сүлжээнд бичихдээ “А.Келети спортын гимнастикийн төрлөөр Олимпын наадмын таван алтан медаль хүртсэн бөгөөд Унгарын хамгийн алдар цуутай тамирчдын нэг байсан юм” гэжээ. Тэрбээр 1952 ба 1956 оны Олимпын наадмуудад түрүүлснээс гадна Олимпын 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. Мөн 1954 онд ДАШТ-д түрүүлсэн юм.
Келети еврей үндэстэн байсан тул түүний гэр бүлийнхэн дэлхийн II дайны үеэр Холокост буюу еврейчүүдийг хоморголон устгах хядлагын золиос болжээ. Түүний эцэг Освенцимийн бөөнөөр хорих лагерьт амиа алдсан бол ээж, эгч хоёр нь Р.Валленбергийн ачаар аврагджээ. Харин Агнеш өөрөө хуурамч баримт бичиг ашиглан хөдөө тосгонд нуугдаж амь гарсан байна.
Мельбурнд болсон 1956 оны Олимпын
наадмын дараа Келети Унгартаа буцаж очихоос татгалзаж, бусад хэд хэдэн тамирчны
хамт Австралийн засгийн газраас улс төрийн орогнол хүсжээ. Хожим нь тэрбээр Израилд
очиж, спортын гимнастикийн дасгалжуулагчаар олон жилийн турш ажиллаж байгаад 2015
онд эх орондоо буцаж ирсэн байна.