ХОВД: Ирэх сард агаарын температур олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс 2025 оны хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.
Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дунджаар Алтайн өвөр говиор -12-18 градус, бусад нутгаар -18-24 градус хүйтэн байдаг. Мөн сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар 0–2 мм байдаг.
Тэгвэл цаг агаарын урьдчилсан
төлөв мэдээнээс үзэхэд ирэх сард агаарын дундаж температур болон хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.
Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярах төлөвтэй байна. Цаашид тухайн сарын нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар олон дунджаас 1-3 градус хүйтэн байна. Бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй.
Ирэх сарын нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар
арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн үед зарим газраар бага
зэргийн цас орж, салхи шуургатай байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны
шинжилгээний төвөөс мэдээллээ.