Ши Жиньпин Хятадын тэргүүлэх бизнес эрхлэгчидтэй уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН, 2025 оны хоёрдугаар сарын 18 /FT/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Alibaba” компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма зэрэг тус улсын тэргүүлэх бизнес эрхлэгчидтэй уулзсан тухай “Financial Times” сонинд мэдээлжээ.
Тэрбээр уулзалтын үеэр бизнес эрхлэгчдэд хандан хэлэхдээ, хувийн хэвшил бол асар их нөөц бололцоотой гэдгийг дурдаад улс орны бизнесийн орчныг сайжруулах хэд хэдэн арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. Мөн Коммунист намын зүгээс төрийн салбарыг бэхжүүлэхийн зэрэгцээ "хувийн хэвшлийнхний хөгжлийг тасралтгүй хөхиүлэн дэмжиж, удирдан чиглүүлэх болно” хэмээн хэллээ. Санхүүжилтийн зардал их, төрийн байгууллагууд төлбөрөө хожимдуулах, түүнчлэн дур мэдэн төлбөр, торгууль ногдуулж, хяналт шалгалт хийж байгаа зэрэг асуудалд эрх баригчид анхаарлаа хандуулах ажээ.
Харин хувийн компаниуд "технологийн инновацийг дэмжих, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бий болгоход илүү их хувь нэмэр оруулахыг хичээх хэрэгтэй" гэж Хятадын удирдагч хэлсэн байна.
Хятадын эрх баригчид олон жил үргэлжилсэн үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал болон технологийн томоохон компаниудын үйл ажиллагааг хязгаарласны улмаас хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдийн итгэл суларч, эдийн засгийн өсөлт удааширсны дараа бизнесийн орчныг сайжруулахыг оролдож байна гэж FT сонинд бичжээ. Шинжээчдийн дүгнэж байгаагаар, энэхүү уулзалт нь төрөөс хувийн хэвшлийнхэнд илүү нааштай хандахыг эрмэлзэж байгааг харууллаа.
Хонконг дахь “Gavekal Dragonomics” хүрээлэнгийн Хятад судлалын газрын дэд захирал Кристофер Беддор уулзалтын талаар "Reuters" агентлагт тайлбар өгөхдөө "Энэ бол АНУ-тай технологийн салбарт өрсөлдөхөд хувийн компаниуд хэрэгтэй гэдгийг Хятадын засгийн газар хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл" гэжээ.
Хятадын эрх баригчид “АНУ-тай өрсөлдөхийг хүсэж байгаа бол тэднийг дэмжихээс өөр сонголт байхгүй” гэж К.Беддор хэлсэн байна. Албан ёсны мэдээллээр төрийн өмчит компаниудтай өрсөлддөг Хятадын хувийн хэвшлийнхэн татварын орлогын талаас илүү хувийг, ДНБ-ий 60 гаруй хувийг, технологийн инновацын 70 хувийг бүрдүүлдэг ажээ.
Ши Жиньпин сүүлийн жилүүдэд хувиараа бизнес эрхлэгчидтэй хийсэн анхны уулзалтад “Alibaba”-г үүсгэн байгуулагч Жэк Маг оролцуулсан нь "2020 онд технологийн салбарыг хэлмэгдүүлэх засгийн газрын ажиллагааны хамгийн том хохирогч" болсон түүнийг цагаатгасны дохио гэж FT сонинд бичсэн байна.
Уулзалтад түүнээс гадна робот үйлдвэрлэгч “Unitree” компанийг үүсгэн байгуулагч Ван Шиньшин, чип үйлдвэрлэгч “Will Semiconductor” компанийн тэргүүн Ю Ренрон, цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” компанийн ТУЗ-ийн дарга Ван Чуаньфу, хиймэл оюуны “DeepSeek” стартапыг үүсгэн байгуулагч Лян Вэньфэн нар, мөн “Huawei” компанийн төлөөлөгч оролцжээ.