ХОВД: Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд Э.Эрдэнэбаяр түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг энэ сарын 27-нд зохион байгууллаа.
Бөхийн барилдаанд аймаг, цэрэг, сумын цолтой 64 бөх оролцсоноос Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, "Алтайн мийт" ХХК-ийн бөх, аймгийн харцага Энхболдын Эрдэнэбаяр түрүүлж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, аймгийн заан Гүнсэнноровын Батмөнх үзүүрлэлээ.
Харин Дөргөн сумын харьяат, "Мөнх такси" ХХК-ийн бөх, аймгийн начин Лхагвацэрэнгийн Ням-Очир, Зэрэг сумын харьяат, Ховд аймгийн Онцгой байдлын газрын бөх, сумын заан Эрдэнэтогтохын Балжинням нар их шөвөгт шалгарчээ.
Барилдааныг аймаг, сумын удирдлага, иргэд үзэж сонирхов.
Энэ үеэр аймгийн алдарт уяач, харваачдад шагнал гардуулж, ахмадуудад хүндэтгэл илэрхийллээ.
Мөн Мянгад сумын харьяат, сумын заан Сүхтулгын Гантулгад аймгийн цолд ойрхон бөхийн шагнал олгосон бол Зэрэг сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Балжинням уран барилдаант бөхийн шагнал авлаа.