С.Бессент: Татварын талаар 70 орчим улс хэлэлцээ хийхийг хүссэн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /Fox Business/. Гаалийн татварыг бууруулах асуудлаар хэлэлцээ хийж эхлэх саналыг 70 шахам орон АНУ-ын засаг захиргаанд тавьсан талаар Сангийн сайд Скотт Бессент даваа гарагт "Fox Business" сувгийн “Kudlow” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп гадаад орнуудаас импортолж буй бүх бараанд татвар ногдуулах бодлогоо өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм. Тэрбээр татварын доод хэмжээг 10 хувиар тогтоож, улс орнуудад тус тусад нь татвар ногдуулахаар шийдвэрлэжээ.
С.Бессент хөтлөгч Ларри Кадлоутай ярилцах үеэрээ, Д.Трамп бол бусдад нөлөөлөх тал дээр хэнээс ч илүү, тиймээс тэрбээр тарифын талаарх шийдвэрээ дөрөвдүгээр сарын 2-нд танилцуулж, улс орнуудад шийдвэрээ гаргахад хэд хоногийн хугацаа өгсөн гэв.
“Дөрөвдүгээр сарын 2-нд олон нэвтрүүлэгт оролцох үеэрээ би гадаадын албаны хүмүүст тайван байж, татварыг хэрхэн бууруулах, тарифын бус саад тотгорыг хэрхэн арилгах, валютын манипуляц, татаасыг хэрхэн зогсоох талаарх саналаа бидэнд ирүүлэхийг зөвлөсөн” гэж тэрбээр хэлсэн байна.
Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба татварын асуудлаар өөртэй нь утсаар ярилцсан тухай Д.Трамптай өнөө өглөө мэдэгджээ. Японы талтай тарифын асуудлаар хийх хэлэлцээг С.Бессент болон АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нараар ахлуулахаар томилсон байна. С.Бессентийн хэлснээр, Д.Трамп мөн “тэдгээр хэлэлцээнд шууд оролцоно”.
Сангийн сайд Японы талаас ямар нэгэн тодорхой санал хүлээн аваагүй гэж хэлсэн боловч “50, 60, магадгүй 70 улс” Д.Трампын засаг захиргаатай хэлэлцээ хийхээр холбогдож байгаа хэмээн хэлсэн байна. Тиймээс дөрөв, тавдугаар сар, магадгүй зургаадугаар сар хүртэл завгүй байх бололтой гэж С.Бессент нэмж хэлжээ. Түүний хэлснээр, Японы тал бидэнд маш хурдан шуурхай хандсан тул тэдэнтэй хийх хэлэлцээг нэн тэргүүнд тавих төлөвтэй байна.
Зарим гадаад улсаас импортолж буй бараанд харилцан тариф тогтоохдоо Д.Трампын засаг захиргаа худалдааны алдагдлыг тооцоололдоо ашигласныг С.Бессент зөвтгөсөн байна. Тэрбээр мөн АНУ-ыг эдгээр зах зээлд чөлөөтэй, шударгаар нэвтрэхэд тарифын бус худалдааны саад тотгор бодит бэрхшээл учруулдаг гэдгийг академик судалгаануудын дүн харуулсан гэдгийг дурджээ.