ХӨВСГӨЛ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц ажлыг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт "Хамгийн сайн халамж хөдөлмөр эрхлэлт" уриан дор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйл ажиллагааг өнөөдөр эхлүүллээ.
Зөвлөгөөнөөр Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээ, Нийгмийн даатгал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв зэрэг төрийн байгууллагын албан хаагчдад салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, салбар дундын уялдааг хангах, хүнд сурталгүй, ил тод байх үүрэг, чиглэл өгч байна.
Монгол Улсын хэмжээнд нийт 113 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас Хөвсгөл аймагт 6000 иргэн амьдардаг.
Тэдний эрхийг хамгаалах, эрх тэгш, хүртээмжтэй орчныг бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд орон нутагт тулгамдаж буй асуудал, шийдлээ хэлэлцэж байна.
Тус үйл ажиллагааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагууд, холбогдох мэргэжилтэн, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төв, ТББ-уудын нийт 50 гаруй төлөөлөл ирж зохион байгуулж байна.