ХОВД: Байгаль орчны салбарынхны эрх зүйн мэдлэгийг дээшлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр байгаль орчны салбарт баримталж буй бодлого, хууль, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалт өрнөлөө.
Сургалтыг тус аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар хамтран зохион байгуулж буй.
Сургалтын зорилго нь байгаль орчны салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үүсэж болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байв.
Сумдын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамлуудын төлөөлөл энэ удаагийн сургалтад оролцож, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, түүнийг бууруулахад анхаарах асуудлын талаар санал солилцжээ.
Ховд аймагт өнгөрсөн онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдсэн.
Харин 2025 оны гуравдугаар сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 4, хууль бус агнуур, тээвэрлэсэн зөрчил 8 бүртгэгджээ.
Мөн төрийн албан хаагч хууль бусаар загас, галуу агнаж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдол түгээмэл бий.
Иймээс Ховд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Байгаль орчны газраас 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг сумдад тусгай хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөж байна.
Байгаль орчны салбарт ажиллаж буй албан хаагчдыг анхан шатнаас нь чадавхжуулах, хууль эрх зүйн мэдээллээр хангах асуудал чухал байна. Хууль эрх зүйн мэдлэг дутмагаас шалтгаалан санамсаргүй байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдол салбарын ажилтан болон сумын удирдлагуудад тулгардаг. Тухайлбал,
-Сумын Засаг дарга, газрын даамлууд эрх мэдлээ хэтрүүлэн түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл, гэрчилгээ олгодог
-Байгаль орчны байцаагч, хамгаалагч нар байгаль орчны тухай багц хууль тогтоомжид хяналт дутуу тавьж байгаагаас зөрчил үүсдэг. Иймээс сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамал нарт зориулсан “Байгаль орчны салбарт баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийг хангуулах нь” сэдэвт сургалт зохион байгуулж, мэдлэгийг нь өргөжүүлж байгаа тухай Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.