Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-30 16:19:55

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Багануур дүүрэг чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэллээ.


Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авчээ. Эдгээр автобусыг хот орчмын буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд үйлчилгээнд явуулна. 


НЗДТГ-ын ХМОНХХ-ийн мэдээлснээр автобусны чиглэл нь Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол байна. Тодруулбал, Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол юм. 



Цагийн хуваарь:

Багануураас хөдлөх цаг - 08:30, 11:30, 14:30, 17:30

Улаанбаатарт ирэх цаг - 11:00, 14:00, 17:00, 20:00

Улаанбаатараас хөдлөх цаг - 08:30, 11:30, 14:30, 17:30

Багануурт ирэх цаг - 11:00, 14:00, 17:00, 20:00 


Өдөрт 4 удаа рэйс хийх бөгөөд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино. Тус автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулах систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангажээ.

関連ニュース