"Интер" баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
РОМ, 2025 оны тавдугаар сарын 7
/ТАСС/. Италийн “Интер” багийн хөлбөмбөгчид нэмэлт цагт Испанийн “Барселона”-г 4:3
харьцаагаар хожсоноор Аваргуудын лигийн тэмцээнд финалд шалгарлаа.
Өчигдөр Милан хотод болсон тус тэмцээний
хагас шигшээгийн хариу тоглолтод “Интер” багийн Лаутаро Мартинес (21 дэх минут), Хакан
Чалханоглу (45+1, 11 м-ийн торгуулийн цохилтоор), Франческо Ачерби (90+3), Давиде Фраттези (99) нар гоол оруулсан байна.
Харин барсачуудаас Эрик Гарсия
(54), Дани Ольмо (60), Рафинья (87) нар гоолджээ. Хоёр багийн эхний тоглолт 3:3
харьцаагаар тэнцээгээр өндөрлөсөн тул хоёр тоглолтын нийлбэрээр интерчүүд ийнхүү
шалгарч байна. Одоо тэд Францын ПСЖ ба Английн “Арсенал” багуудын хожсонтой нь Аваргуудын
лигийн цомын төлөө өрсөлдөнө. Хоёр багийн тоглолт өнөөдөр Парист болох бөгөөд
эхний тоглолтод францчууд “Арсенал”-ыг талбайд нь 1:0 харьцаагаар хожсон юм.
Аваргуудын лигийн тэмцээний
финалын тоглолт тавдугаар сарын 31-ний өдөр Мюнхен хотноо болно.
“Интер” баг тус тэмцээний финалд 7
дахь удаагаа тоглох бөгөөд 1964, 1965, 2010 онуудад 3 удаа аваргалж байв. Харин
“Барселона” баг финалд 8 удаа тоглож, 5 удаа аваргалж байв.
Тус тэмцээнд 15 удаа түрүүлээд
буй Испанийн “Реал Мадрид” баг дээд амжилт тогтоогоод байгаа бөгөөд өмнөх 2024/2025
оны улирлын аварга юм.