ХОВД: Залуусын гарааны бизнесийг дэмжих “Start up-2025” уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-07 12:50:58

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд аймагт залуусын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрүүд үе шаттай хэрэгжиж байна.


Тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, шинэ бизнес санааг хөгжүүлэх, өргөжүүлэхээр “Start up” үйл ажиллагааг 2017 оноос эхлэн зохион байгуулж буй. Өнгөрсөн хугацаанд эко гутал, ингэний ферм, тоглоомын төв гэх мэт 50 гаруй шинэ бизнес санааг дэмжиж, тус бүрд 10 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.  


Залуусын гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаа энэ онд мөн хэрэгжинэ. Одоогоор “Start up-2025” уралдааныг гурван үе шаттай зарлажээ.  


Энэ нь Ховд аймгийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залууст ажлаа өргөжүүлэх санхүүжилт олгох, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломж бүрдүүлэх, шинэ бизнес санааг нь сурталчлан таниулах, дэмжихэд чиглэж буй.   

Уралдаанд шинэлэг санаа бүхий гарааны бизнесээ эхэлж байгаа 15-34 насны залуус хамрагдах боломжтой. Уралдааны бүртгэл 2025 оны тавдугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх бол тавдугаар сарын 12-15-ны өдөр сургалт зохион байгуулж, хувь хүний үнэлгээ хийх юм. Улмаар тавдугаар сарын 16-нд "Demo day" эцсийн шалгаруулалт болно.
 

Уралдааныг зохион байгуулахад Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, "Старт ап Монгол" ТББ хамтран ажиллаж байна. 


関連ニュース