Ж.Баярболд: Өдөр өдрөөр бие нь сайжирч буй үйлчлүүлэгчийн инээмсэглэл хамгийн сайхан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-10 22:15:55

-Олон улсын сувилагчдын өдөрт-

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Маргааш “Олон улсын сувилагчийн өдөр” өдөр тохионо. Манай улсад 11 мянга гаруй сувилагч байдгаас 10 хүрэхгүй хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Тэгвэл тэдний нэг нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч Ж.Баярболд юм. 


-Юуны түрүүнд, “Олон улсын сувилагчдын өдөр”-ийн мэнд хүргэе. Мэргэжлээ анх хэрхэн сонгож байв?

-Багадаа хүнд хүчир ажил хийсний улмаас нурууны суулттай болсноос үүдэн мэс засалд орох шаардлагатай болсон. Мэс засалд орсны дараа өвчтөнүүддээ чин сэтгэлээсээ тусалж байгаа сувилагч эгч нарыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж билээ. Тэр цагаас хойш яагаад ч юм сувилагч болмоор санагдах болсон. Бусдад тусалж, бусдын эрүүл мэндийн төлөө өөрийгөө зориулахыг хүссэн юм. Энэ бол миний сувилагч мэргэжлийг сонгосон шалтгаан. Анагаахын Сувилахуйн сургууль төгссөнөөс хойш зургаа дахь жилдээ ажиллаж байна.


-Сүүлийн жилүүдэд эрэгтэй сувилагч нарын тоо өсөх хандлагатай болсон. Гэхдээ л зарим эмнэлэгт эрэгтэй сувилагч өдрийн од шиг ховор хэвээр л байна. Танай эмнэлэгт эрэгтэй сувилагч хэр олон байдаг вэ?

-Манай эмнэлэгт харьцангуй олон шүү. 20 гаруй эрэгтэй сувилагч бий. Таны хэлснээр нэг үеэ бодвол эрэгтэй сувилагчдын тоо нэмэгдээд л байна. Ер нь, эрүүл мэндийн салбарт чиглэлээсээ хамаараад хүйсийн харилцаа харилцан адилгүй шүү дээ. Манай тасаг л гэхэд долоон хүний нэг нь эрэгтэй байдаг. Гэтэл манай эмнэлгийн уламжлалт, бариа засал, дүрс оношилгооны тасагт эрэгтэй мэргэжилтэн зонхилж байх жишээтэй.


-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Манай тасгийн гол онцлог нь өвчтөнүүдэд яаралтай, анхан шатны тусламж үзүүлдэг. Эндээс үүдэн үйлчлүүлэгчийн биеийн байдал өдөр өдрөөр сайжирч, дулаахнаар инээмсэглэх тэр мөчийг харах хамгийн сайхан байдаг. Өвчтөнүүдээс сонссон талархлын үг бидэнд эм болж, ажиллах эрч хүч өгч байдаг.


-Залуу үеийнхэндээ хандаж юу хэлэх бол?

-Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллан хүний төлөө гэсэн сэтгэлтэй байгаарай. Цаг үргэлж суралцаж байх хэрэгтэй. 



 

 

関連ニュース