СЭЛЭНГЭ: Аймгийн аварга тогооч нар тодорч улсын уралдаанд оролцох эрхээ авлаа
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн аварга тогооч,
зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаанаас шалгарсан тогооч нар цаашид бүс
болоод улсын уралдаанд оролцох эрхтэй болдог.
Дээрх ажил мэргэжлийн уралдааныг өнгөрсөн
амралтын өдрүүдэд Шаамар сум дахь ХААИС-ийн харьяа Сэлэнгэ аймаг дахь
Политехникийн коллежийн байранд зохион байгуулсан байна.
Энэхүү уралдаан нь тогоочдын ур
чадварыг дээшлүүлэх, орон нутгийн онцлогтой хоол, идээ ундааг бий болгох,
сурталчлан таниулах, харилцан туршлага судлах, ажиллагсдын ур чадварыг
дээшлүүлэх үндсэн зорилготой юм.
Тэмцээнд 15 сумын 70 гаруй хоол
үйлдвэрлэлийн төлөөлөл 7 төрлөөр оролцон авьяас, ухаанаа уралдуулжээ.
-“Хүүхдийн хоол” төрөлд Сүхбаатар
сумын 2-р сургуулийн тогооч Т.Энхжаргал тэргүүн байрт шалгарсан байна.
-Эмчилгээний хоолны ангилалд эмнэлгийн 16 тогооч өрсөлдөж, Ерөө сумын “Болд
Төмөр Ерөө гол” уурхайн байгууллагын тогооч Ц.Гэрэлчимэг, “Эмчилгээ сувиллын
хоол” төрөлд Сүхбаатар сумын 3-р цэцэрлэгийн тогооч Л.Одонтунгалаг нар
тэргүүлсэн байна.
Эмчилгээний болон сувиллын хоол нь
аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, мөн янз бүрийн өвчний үед эмийн болон хоол
эмчилгээг хийхдээ тусгай найрлага технологиор бэлтгэн хийдгээрээ онцлогтой юм.
-“Зоогийн газрын хоол” төрөлд Мандал
сумын тогооч Ч.Бат-Отгон,
-“Орчин үеийн монгол хоол” төрөлд
Шаамар сумын “Арвинзоог” байгууллагын тогооч Б.Батбаатар,
-“Оюутан тогооч” төрөлд Сүхбаатар
сумын Сэлэнгэ Политеник коллежийн оюутан тогооч Х.Уянга тэргүүлжээ.
-“Орон нутгийн онцлогтой идээ зоог”
төрөлд Ерөө сумын сургуулийн тогооч К.Түмэнжаргал, “Дайвар бүтээгдэхүүний
цуглуулга, гахайн махан ороомог” тус тус шалгарлаа.
Уг уралдаанд оролцож байгаа тогооч
нарын дийлэнх нь Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Политехник коллежийн тогоочийн
ангийн төгсөгчид байгаад бахархаж байна. Учир нь бид энэ мэргэжлийн хүмүүсийг
бэлтгэн сургаж гаргадаг хэмээн тус Коллежийн захирал Д.Загдгочоо хэллээ.
Монголын Тогооч нарын холбооноос энэхүү ур чадварын тэмцээнийг олон жил зохион байгуулж байна. Тус тэмцээн нь тогооч нар цаашид хөгжих том боломжийг олгохоос гадна харилцан туршлага судлах, шинэ технологи, хоолны шинэ урсгалыг олж мэдэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх өндөр ач холбогдолтойгоороо маш үр дүнтэй болдог гэж Монголын Тогооч нарын холбооны Төвийн бүсийн захирал П.Амарбаясгалан ярилаа.























