Д.Трамп: Гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-31 09:39:47

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 31 /BBC/. Гангийн импортод ногдуулах татварын хувь хэмжээг 25 хувиас 50 хувь болгож, хоёр дахин нэмэгдүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгджээ.


Пенсильвани муж улсын Питтсбург хотноо болсон цуглааны үеэр Д.Трамп хэлэхдээ, энэ алхам нь орон нутгийн гангийн үйлдвэрлэл болон үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Хятадаас хамааралтай байдлыг бууруулна гэв.


Д.Трамп мөн US Steel” болон Японы “Nippon Steel” компаниудын түншлэлийн хүрээнд тус бүс нутгийн гангийн үйлдвэрлэлд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгийг мэдэгджээ. Хэдийгээр тэрбээр уг хэлэлцээрийг сайшааж байгаа боловч түншлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.


Давж заалдах шатны шүүхээс одоогоор үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг зөвшөөрөөд буй Д.Трампын дэлхийн улс орнуудад татвар ногдуулах шийдвэр хууль ёсны эсэх тал дээр шүүгчид маргаж буй үед дээрх мэдэгдэл гарч байна. Гэхдээ ган, хөнгөн цагаанд татвар ногдуулах түүний шийдвэрийг шүүхийн баримт бичигт хөндөөгүй юм.


Татвар ногдуулах шийдвэр нь дэлхийн худалдаа, зах зээлийг донсолгож, дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болох Хятад, АНУ-ын харилцааг муутгаж, хоёр орныг цаашид үргэлжилж болзошгүй худалдааны маргаанд татан оруулсан билээ. Баасан гарагт Д.Трамп Хятадыг энэ сарын эхээр тарифын талаар хийсэн тохиролцоог зөрчсөн гэж буруутгасан юм. Харин Хятад улс хариуд нь Америкийн талыг буруутгасан байна.


Швейцарын Женев хотод тавдугаар сарын 12-нд болсон хэлэлцээний дараа Вашингтон, Бээжингийн эрх баригчид татварын хувь хэмжээг түр бууруулахаар тохиролцсон юм. Гэвч Д.Трамп баасан гарагт мэдэгдэхдээ, Хятад улс бидэнтэй байгуулсан гэрээгээ зөрчсөн гэжээ. Тэрбээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Грир дараа нь хэлэхдээ, Хятад улс хэлэлцээрийн дагуу тарифын бус саад бэрхшээлийг арилгаагүй гэсэн байна. 

関連ニュース