Лондон хотноо Монгол тэмээний өдөрлөг болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. "Торгоны замын тэмээ" ТББ-аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэй Монгол тэмээний өдөрлөгийг энэ сарын 3-нд Лондон хотноо зохион байгууллаа.
Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд асан Ц.Сүхбаатар, Монгол-Британийн худалдааны танхимын тэргүүн Жон Гроган, Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч асан Даниел Кавчински, Лондон дахь Элчин сайдын яамны зөвлөх Ц.Зоригтбат нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар танилцуулав.
Өдөрлөгт “Ханбогд”, “Зосон”, “Солид партнерс”, “ЖоЖо фэлт”, “Ханбаясгалант”
компани болон Өмнөговь, Хэнтий аймгийн үйлдвэрлэгчид оролцож, бараа бүтээгдэхүүнээ
танилцуулж, “Ханбогд”, “Зосон” компанийнхан ноолуур, тэмээний ноосон хувцасны
загвараа толилууллаа. Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын морин хуурч,
хөөмийч, Соёлын тэргүүний ажилтан Э.Түмэндэмбэрэл морин хуурын татлага, монгол
хөөмийн хэлхээ аялгуу, төмөр хэл хуурын татлагаас сонирхуулав. АНУ-ын судлаач,
зочин илтгэгч Кристина Адамс ингэний сүү, эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлын
талаар “Тэмээний ид шид” илтгэл тавьсан бол “Солид партнерс” ХХК-ийн захирал
Б.Цэнд-Аюуш ингэний хуурай сүү, хоормогийн үйлдвэрийнхээ талаар, Хэнтий аймгийн
Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон аймгийнхаа талаар, Өмнөговь аймгийн Соёл
урлаг, аялал жуулчлалын газрын дарга Н.Мөнгөнтуул “Тэмээ үржүүлэх ёс заншил,
уламжлал”-ын талаар тус тус мэдээлэл өглөө.
Лондон дахь ЭСЯ-наас өдөрлөгийг зохион байгуулагчид,
өдөрлөгт оролцсон төрийн болон бизнесийн байгууллагуудын төлөөлөгчдийг энэ
сарын 4-нд хүлээн авч уулзсан гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.