Монголын боксчид Европын цуврал тэмцээнээс 16 медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид гавьяат дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлагад Европын цуврал тэмцээнээс 16 медаль хүртсэн байна.
Тодруулбал, 38 хоногийн хугацаанд гурван тэмцээнд оролцсоноос гадна нэг удаа олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагджээ. Ингэхдээ таван алт, долоон мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар эх орныхоо зүг хүлгийн жолоо залж байна. Хамгийн сүүлд Чехийн Усты Над Лабем хотод болсон тэмцээнээс дөрвөн медаль хүртэв. 55 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан гранпригаас Э.Бат-Өлзий алт, А.Баттулга, Э.Мичидмаа нар мөнгө, Х.Билгүүнсайхан хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Сонирхуулахад, 40 жилийн өмнө гавьяат дасгалжуулагч Ж.Энхтөр энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцохдоо Кубын алдарт боксчин Вальдасыг ялж алтан медаль хүртэж байжээ.
Монголын боксын шигшээ багийнхны дараагийн оролцох тэмцээн нь энэ сарын 30-нд Казахстаны Астана хотод эхлэх Дэлхийн цом байх аж.