СҮХБААТАР: Гэмт хэргийн улмаас гурван хүүхэд хорих ялаар шийтгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-26 15:59:29

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2024 он, 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 42 бүртгэгдсэн бол хүүхэд холбогдсон гэмт хэрэг 12 бүртгэгдэн шалгагдаж, өсвөр насны гурван хүүхэд хорих ял шийтгүүлсэн байна

 

Хүүхэд хохирсон гэмт хэргүүдийн тухайд хүний амийг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн улмаас 2 хүүхдийн амь хохирсон бол хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийн улмаас 2 хүүхдийн эрүүл мэндэд хүнд, 6 хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

 

Хүчиндэх болон бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн улмаас 16 хүүхдийн эрх, эрх чөлөө, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэгт 1 хүүхдийн эрх, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт 1 хүүхдийн өмчлөх эрхзам тээврийн ослын улмаас 8 хүүхдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан ба золгүй тохиолдлоор 4 хүүхэд амиа алдсан байна.

 

 Дээрх гэмт хэрэгт хохирсон хүүхдүүдийн 13 нь эрэгтэй, 24 нь эмэгтэй хүүхэд байна.

 

Насанд хүрээгүй хүүхдүүдийн холбогдож буй гэмт хэргийн тухайд хулгай, малын хулгай, хүний эрүүл мэндэд хохирол учруулах болон хүчингийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байгааг эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс анхаарах шаардлагатай байна.

 

Иймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх талаар тэдэнтэй ярилцаж, зөвлөж, найз нөхдийнх нь талаар нээлттэй асууж, аль болох сургууль, боловсролын байгууллагаас завсардуулахгүй байх, өөрийн гаргасан буруу үйлдлийн хор уршгийн талаар ойлгуулж, нөлөөлөх зэргээр хараа хяналтаа сайжруулахыг Сүхбаатар аймгийн прокурорын газраас анхаарууллаа.

 

関連ニュース