Монгол, Бельгийн ГХЯ-д хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-28 11:34:56

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол, Бельгийн Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт Брюссель хотноо энэ сарын 24-нд болов. 


Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Бельгийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан томоохон зорилтуудын талаар харилцан мэдээлэл хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн ирэх онд тохиох Монгол, Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцаж, хоёр улсын иргэд хоорондын солилцоо, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахаа талууд илэрхийлэв. 


Хоёр улс жолоодох эрхийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрч, солих тухай баримт бичгийг байгуулсан нь иргэдийн таатай аж төрөх нөхцөл бүрдүүлснийг талууд онцлов. Уулзалтын үеэр НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.


Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, айлын талаас Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Франсуа Делхей нар тэргүүлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.



関連ニュース