УДЭТ-ынхан намрын үзвэрээ “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээр нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид намар цагийн нээлтийн үзвэрээ үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ.
Намрын намуухан үдэш таны сэтгэлийг хөглөх эхний бүтээл нь Оросын нэрт зохиолч В.Красногоровын зохиолоос сэдэвлэсэн “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжиг байх аж.
Одоогоос 15 жилийн өмнө анх Н.Наранбаатарын найруулснаар үзэгчдийн хүртээл болж байсан тус жүжгийн гол дүрийг гавьяат жүжигчин У.Уранчимэг, С.Болд-Эрдэнэ, соёлын тэргүүний ажилтан Т.Хулан, Б.Тамир нар амилуулж байв. Тэгвэл энэ сарын 10, 11-нд тоглох жүжигт гавьяат жүжигчин Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Г.Ганбат, М.Тогтохжаргал, Д.Мөнх-Од нар тоглох нь ээ.
Энэхүү жүжиг нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буй үйл явдлаар эхэлдэг. Тэдний зочид бол эхнэрийнх нь сайн найз дүү бүсгүй, нөхрийн сайн найз дүү залуу хоёр бус харин нууц амрагууд нь байна. Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралыг ёжтойгоор харуулсан инээдэмтэй жүжиг юм.
Түүнчлэн энэ
сарын 13, 14-нд соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн зохиол, М.Батболдын
найруулсан “Хайрын виз”, 17, 18-нд Южин
О'Нилын зохиол, Н.Наранбаатарын найруулга “Хайлаас модны доор чамайг хүлээнэ”
уянгын драм, 20, 21-нд Бертольт Брехтийн зохиолоос сэдэвлэж Э.Ёндоншаравын найруулсан
“Сычуаны сайн хүн” гротеск драмыг үзэгчдийн хүртээл болгох ажээ.