Ш. Номин-Эрдэнэ: Биелгээ бол монгол хүний бие, сүнс, ухамсрын нэгдэл юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.enkhtuya@montsame.gov.mn
2025-11-03 12:40:24

Улаанбаатар, 2025 оны 11 сарын 3 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 10 дугаар сарын 29-нд уламжлал болгон зохион байгуулдаг “Biyelgee Night” наадам монгол өнгө төрхтэй, оролцогчдын халуун дулаан уур амьсгалтай боллоо.


Тус наадамд 8 настай балчраас 80 настай буурлууд хүртэл нас насныхан ирснээс дийлэнх нь залуус байв. Тэднийг нэгтгэж, монгол бахархлыг төрүүлж чадсан зүйл нь “биелгээ” байлаа. Биелгээнд хамгийн тохиромжтой хувцас бол монгол дээл гэж үздэг. Тиймээс оролцогчид үндэснийхээ гоёл, зүүсгэлээр гангарч, өв соёлоо хүндэтгэн ирсэн нь харагдаж байв.


Монгол биелгээний соёлыг түгээн дэлгэрүүлж яваа, “ОгтОргүйн биелгээ”-г үүсгэн байгуулагч Ш.Номин-Эрдэнэтэй бид уулзаж, түүний уран бүтээл, зорилгын тухай хөөрөлдлөө.


-Ер нь анх биелгээтэй хэрхэн холбогдож байв?

-Миний үндсэн мэргэжил балетын жүжигчин. Сүүлд бүжиг найруулагчаар бас төгссөн. “ОгтОргүйн биелгээ” нэртэй биелгээний сургалтын төвөө байгуулаад долоон жил болж байна. Миний бүжгийн суурь нь монгол бүжиг. Аав, ээж маань намайг бага байхаас монгол бүжгээр хичээллүүлдэг байсан юм. Яг мэргэжлээ сонгох үедээ сонгодог бүжгийн ангид орсон. Гэхдээ монгол биелгээ, түүний тайллыг нь судлахын хэрээр өөрийн соёлдоо улам татагдах болсон. Хүн болгонд байгалиас заяасан өгөгдөл, хийж бүтээх даалгавар бий гэдэгт би итгэдэг. Миний тэрхүү даалгавар нь биелгээ юм болов уу гэж боддог.


-Монгол биелгээний бусад бүжгээс ялгарах онцлог юу юм бол?

-Биелгээ бол зүгээр нэг хөдөлгөөн биш. Энэ бол монгол хүний бие, сүнс, ухамсрын нэгдэл юм.


Биелгээ хийхэд иог, фитнес, бясалгал зэргээр хичээллэсэн мэт үр дүн өгдөг.


Жишээлбэл, иогт амьсгал чухал байдаг. Тэгвэл биелгээний мөрний цохилго, нухлах хөдөлгөөнүүд хүний амьсгалыг байгалийн жамаар зөв хуваарилж өгдөг. Амьсгалдаа анхаарахгүй байсан ч хөдөлгөөн өөрөө зөв хэмнэлд оруулчихдаг. Биеийн хувьд яс, булчинг төгс ажиллуулна. Дотоод энерги, гоо зүй, сүнслэг түвшинд хүртэл үйлчилдэг. Орчин үед хүмүүсийн амьдрал, ажил хөдөлмөрийн нөхцөлөөс шалтгаалан биеийн зангирал, чангарал ихэссэн. Мөн монгол хүн гал шинж нь давамгай, бадарсан, хөөрөн омогшдог зан чанартай. Харин биелгээ тэр “галыг” тулганд нь буулгаж, хүн өөрийн төвд, тэнцвэртэй байхыг заадаг. Биелгээний үндсэн суудал болох “язгуур суудал” нь газар шороотой холбогдсон, тулганы бэлгэдэлтэй.


-“ОгтОргүйн биелгээ”-г үүсгэн байгуулсан зорилго юу вэ?

-Гол зорилго нь уламжлалт соёлыг сэргээх явдал байсан гэж хэлж болно. Тухайлбал, монгол хүн “Журай Гэлдэн” дууг сонсоод өөрийн эрхгүй огшоод ирдэг ч яаж хөдлөхөө мэдэхгүй байх жишээтэй. Тэгвэл бид тэр мэдрэмжийг биелгээгээр дамжуулан тайлж, сэргээж өгдөг. Манай “ОгтОргүйн биелгээ”-ний сургалт тасралтгүй явагддаг онцлогтой. Суурийг нь заагаад өгөхөд тухайн хүн өөрөө сайхан биелээд задарчихдаг гэж ойлгож болно.


-Анх “Biyelgee Night” эвентээ хэрхэн эхэлж байв?

-Эхэндээ 50 хүн л ирээсэй гэж мөрөөддөг байлаа. Гэтэл анхны “Biyelgee Night”-д арав гаруйхан хүн ирж байсан. Гэсэн ч намайг, биелгээг гэсэн сэтгэлээр зориод ирсэн хүмүүстээ тоглолтоо хийж байсан нь саяхан мэт санагддаг. Тухайн үедээ сар бүр “Biyelgee Night” эвент хийдэг байсан. Энэ жил бид долоон жилийн ойн эвентээ фестивал болгон зохион байгуулснаараа онцлогтой. Ойролцоогоор 400 орчим хүн цугларсан нь миний, бидний олон жил тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүн юм.



-Та “биелгээг залуусын соёл болгоно” гэсэн зорилготой байсан гэж хэлсэн. Энэ санаа хэрхэн төрөв?

-Тийм ээ, анх биелгээ зааж эхлэхэд хүмүүс “чи ийм гоё мэргэжилтэй, ийм залуухан байж яагаад залуу хүний бүжиг бүжиглэдэггүй юм бэ?” гэсэн сэтгэгдэл бичдэг байсан. Тэр үед би өвөг дээдсээс ирсэн энэ сайхан соёл маань “хөгшин хүний бүжиг” гэх ойлголтоор залуу үедээ уламжлагдаж чадахгүй, устах эрсдэлд хүрч байгааг ойлгосон. Тиймээс өөрөөрөө үлгэрлэхийг хүссэн. Бид орчин үеийн хөгжимтэй хослуулж, залуусын дунд соёл болгохыг зорьсон. Одоо тэр зорилго маань биелсэн гэж боддог. Биелгээ бол хөгшин, залуу хамаагүй, хүсвэл хэн ч биелж чадна.


-Биелгээний багш байхын сайхан тал нь юу вэ?

-Миний хувьд хамгийн гоё зүйл нь монгол нэгдлийг харж чаддагт оршдог гэж боддог. Манай биелгээний ангийнхан сургалт дуусахад нэг гэр бүл шиг болдог. Жишээлбэл, хамгийн анхны биелгээний хичээлд суусан хүмүүс одоо хүртэл биелдэг, хуурай эгч, дүү шиг хүмүүс байдаг. Тэд биелгээ сурсныхаа дараа ангиараа уртын дуу, алтайн ятга зэргийг сурч, хамтдаа одоо хүртэл холбоотой байгаа нь үнэхээр сайхан санагддаг. Мөн манай “ОгтОргүйн биелгээ”-ний үзэгчдийн ихэнх хэсгийг сургуулийн хүүхдүүд эзэлдэг. Бидний дараагийн үе энэ соёлыг сурч, чөлөөтэй биелдэг болсон байна. Контент, бичлэгүүдийг маань үзэж, урлагийн үзлэгтээ ашигладаг нь бидэнд их урам хайрладаг.


-Монголын ястан бүрийн биелгээ ялгаатай гэж сонссон. Танай төвд ямар төрлүүдийг заадаг вэ?

-Одоогоор зургаан ястны биелгээ зааж байна. Үүнд хотон, дөрвөд, захчин, урианхай, торгууд, баяд биелгээ орно. Тэдгээр биелгээний хөдөлгөөн, мөргөл, намба, цацал бүгд өөрийн гэсэн өнгө, заншил, байгаль, итгэл үнэмшилтэй холбоотой. “ОгтОргүйн биелгээ” бол эдгээр уламжлалыг хадгалсан хэр нь орчин үеийн хэлбэрт оруулахыг зорьдог. Манай бүжгүүд илүү харизматай, хүчтэй, тотем, шүтлэг, амьтныг дүрслэх зан чанартай. Энэ нь манай өвөг дээдсийнхээ хүч чадлыг дүрсэлж, биелгээгээр дамжуулан илэрхийлж байгаа хэрэг юм.


-Гадаадын хүмүүс биелгээг хэр сонирхож байна вэ, гадаад хүмүүст заахад ямар ялгаа байдаг вэ?

-Гадаад хүмүүс маш их сонирхдог. Франц, Орос, Хятад зэрэг олон орны хүмүүс над дээр ирж заалгаж байсан. Гэхдээ миний ойлгосон нэг зүйл бол биелгээний “хөг” гэгч зүйл зөвхөн монгол хүний яс, цусанд шингэсэн байдаг. Гадныханд заахад сурч болно, мэдээж гоё гоё үр дүн гарна. Гэхдээ дотоодоосоо хөглөгдөх мэдрэмж нь өөр байдаг болов уу.


-Таны цаашдын зорилго юу вэ?

-Цаашдаа үйл ажиллагаагаа гадаад руу чиглүүлэхийг хүсэж байгаа. Гадаадад амьдардаг хүмүүс өв соёлын үнэ цэнийг сайн ойлгосон байдаг учраас тэдэнд монгол биелгээг хүргэхийг зорьж байна. Мөн “Biyelgee Night” наадмаа зун, задгай талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэр үед биелгээнд хайртай, биелгээний талаар сонирхсон хүн бүрийг хүрэлцэн ирээсэй гэж хүсэж байна.


Ярилцсанд баярлалаа.








関連ニュース