Дэлхийн нэртэй үнэт эдлэлийн цуглуулагч Казүми Арикава Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2025-09-21 09:48:32

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Дэлхийн нэрт үнэт эдлэлийн цуглуулагч, Япон улсын үнэт эдлэл судлаач, “Albion Art Jewelry Institute”-ийн үүсгэн байгуулагч Казүми Арикава Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өчигдөр зочиллоо.


Тэрбээр Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Өндөр гэгээний өөрийн мутраар бүтээн туурвисан бүтээлүүдээр мэлмийгээ баясгав. Тэрбээр Монголын эртний урлагийн өв соёл, түүхэн дурсгал, дэлхийд гайхагдах суут уран бүтээлчдийн дахин давтагдашгүй сор бүтээлүүдийг үзэж сонирхон, Монголын урлаг, уран сайхныг гайхан бахдаж, урлагийн өндөр түвшинд бүтээн туурвидаг байсныг өгүүлэв.


Мөн тэрбээр, “Өндөр гэгээний өөрийн мутраар бүтсэн бүтээлийг хараад миний сэтгэл үнэхээр их хөдөллөө. Монголын тэргүүн зэргийн энэхүү бүтээлүүдээс Монгол хүний ур ухаанаар бүтсэн дахин давтагдашгүй, сор бүтээл нь Монголын соёл, урлаг маш өндөр түвшинд байсныг илтгэн харуулж буйг ухаарлаа. Сэтгэл хөдлөх, бие чичрэх мэдрэмжийг эдгээр бүтээлээс мөн энэ музейгээс авч чадлаа” хэмээсэн тус музейн дурсамжийн дэвтэрт тэмдэглэн үлдээсэн юм.


Казүми Арикава сүүлийн 40 гаруй жил үнэт эдлэлийн цуглуулагч, судлаачаар ажиллаж байгаа бөгөөд үнэт эдлэл, урлагийн бүтээл цуглуулга нь зөвхөн гоёл чимэглэл, үнэт эдлэл төдий бус нэг төрлийн хөрөнгө оруулалт, урт хугацааны нийгмийн оюун санаанд нөлөөлөх хүчин зүйл хэмээн үздэг аж.




関連ニュース