“Гурван цагийн өнгө төрх” тусгай үзэсгэлэн хөшгөө нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-09 12:48:46

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын гэрэл зургийн салбарын 90 жилийн ойн үзэсгэлэн, шинэ номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд боллоо.


Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулж буй “Гурван цагийн өнгө төрх” тусгай үзэсгэлэнд Монголын гэрэл зургийн хөгжлийн онцлох гурван цаг үеийн бүтээлүүдээс сонгон бүлэглэж, анхны гэрэл зурагчид болох М.Гомбожав, Н.Чойжинням, Ц.Дагдандорж тэргүүтэй 10 гаруй уран бүтээлчийн бүтээлүүдийг олны хүртээл болгосноороо онцлогтой.


Түүнчлэн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабалын хувийн цуглуулгаас хуучны аппарат, хальс, бусад хэрэгслийг дэлгэн үзүүлжээ.


Монголчууд Олимпын аваргатай болсон торгон агшин, сансарт ниссэн түүхэн үйл явдал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг, О.Дашбалбар нарын ховорхон хөрөг, Бутаны Цог Жавхлан Хаан болон Ромын Пап ламын Монголд хийсэн онцгой айлчлалаас эхлээд нийгэм, урлаг, спорт, уран сайхны болон баримтат, түүхэн, байгалийн зэрэг сэдэвтэй 100 орчим гэрэл зургийг энэхүү үзэсгэлэнд дэглэж, олны хүртээл болгож байна.


Үүнээс гадна “Монголын гэрэл зурагчид-2” номыг 90 жилийн ойн хүрээнд гаргажээ. Тус номонд 1935-2025 он хүртэл Монголын гэрэл зургийн салбарт ажилласан, ажиллаж байгаа гэрэл зурагчдын товч намтрыг онцлох агшнуудых нь хамт багтаасан байна. 






















関連ニュース