Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа В.Путинтэй уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-15 12:04:36

ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 15 /DW/. Сирийн шилжилтийн үеийн Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа лхагва гарагт буюу өнөөдөр Москвад албан ёсны айлчлал хийнэ гэж Сирийн төрийн мэдээллийн SANA агентлаг мэдээлжээ. Айлчлалынхаа үеэр тэрбээр Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана. 


Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асад Орос руу зугтан гарснаас хойш Аш-Шараа Орост анх удаа айлчлах гэж байна. Сири, Оросын улс төрчид бүс нутгийн болон олон улсын асуудлууд, мөн хоёрын орны хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэнэ гэж SANA агентлаг мэдээлсэн байна.


Аш-Шараа аравдугаар сарын 15-нд Москвад болох ёстой байсан Орос-Арабын дээд түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байжээ. Уг уулзалтыг Газын зурвасын асуудалтай холбоотой АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын төлөвлөгөөний улмаас хойшлуулсан байна. Гэсэн хэдий ч Аш-Шараа айлчлалаа цуцлахгүй байхаар шийджээ. 


Айлчлалынхаа үеэр тэрбээр мөн Орост оршин сууж буй сиричүүдтэй уулзах төлөвтэй байна.  


Сири дэх эх сурвалжуудыг эш татан “Reuters” агентлагийн мэдээлснээр, аш-Шараа Тартус дахь Оросын тэнгисийн цэргийн бааз, Хмеймим дэх нисэх хүчний баазын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ. Тэрбээр мөн Сирийн ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргээр Асадыг шилжүүлэн өгөхийг албан ёсоор хүсэхээр төлөвлөж байгаа гэж “Reuters”-ын эх сурвалж нэмж дурдсан байна. 


Сирийн төрийн эрх мэдлийг гартаа авсан лалын шашинтуудын “Хайат Тахрир аш-Шам” бүлэглэлийн толгойлогч, шилжилтийн засгийн газрын тэргүүн Мохаммад аль-Жулани гэгддэг Ахмед аль-Шараа өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө Ерөнхийлөгчөөр зарлажээ. Тэрбээр "шилжилтийн засгийн газар"-ын бүрэн эрхийн хугацаанд тус улсыг удирдана гэж "Аль Арабия" сувгаар нэгдүгээр сарын 29-нд мэдээлсэн байна. 


Аш-Шараа хэлэхдээ, шилжилтийн үеийн дараа сонгууль явуулж, Сирийн байнгын засгийн газрыг эмхлэн байгуулна гэж мэдэгдэж байв. Шилжилтийн үе хэр удаан үргэлжлэхийг тэрбээр хэлээгүй байна. Аш-Шараа мөн шинэ Үндсэн хууль батлагдах хүртэл ажиллах хууль тогтоох түр зөвлөлийг байгуулна гэж SANA агентлаг мэдээлж байв.


"Хайят Тахрир аш-Шам" бол Барууны орнууд болон Орост террорист байгууллага гэж тооцогддог бүлэглэл бөгөөд сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүдийн хамтаар 2024 оны 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын эхэн хүртэлх хугацаанд Сирийн хойд нутгаас Дамаск руу довтлон, засгийн эрхийг булаан авч, Ерөнхийлөгч Башар Асад болон түүний тойрон хүрээлэгчдийг түлхэн унагасан юм. Цэргийн болон хүчний байгууллагууд тэдэнд  үндсэндээ ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд Асад Орос руу зугтан гарч, тус улс түүнд орогнох эрх олгоод байгаа билээ. 


ОХУ-ын эрх баригчид Сирийн шинэ эрх баригчидтай харилцаа тогтоохыг зорьж байгаа ба өмнө нь Израилын арми Сирийн нутагт цохилт өгсний дараа Дамаскт дипломат дэмжлэг үзүүлэхийг санал болгож байсан юм. 

関連ニュース