Украинд “Tomahawk” пуужин нийлүүлэх шийдвэрийг гаргаагүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-20 12:20:25

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 20 /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Tomahawk” далавчит пуужингуудыг Украинд өгөх эсэх асуудлаар шийдвэрээ хараахан гаргаагүй байна гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс мэдэгдсэн тухай "Reuters" агентлаг мэдээлжээ. 


Ж.Д.Вэнс мэдэгдэхдээ, энэ чухал зэвсгийн систем АНУ-ын армид өөрт нь хэрэгтэй байгаа гэжээ. Түүнчлэн Цагаан ордны тэргүүн АНУ-ын эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг гэдгийг дурдаад, сар гаруйн хугацаа эсвэл үүнээс ч урт хугацаа шаардагдаж магадгүй байгаа ч гэсэн Д.Трамп Украин дахь мөргөлдөөнийг зохицуулж, энх тайвныг тогтоох хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. 


Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй өнгөрсөн баасан гарагт Вашингтонд уулзсан юм. CNN сувгаар мэдээлснээр, тэрбээр холын зайн тусгалтай пуужинг Украинд өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Хэлэлцээ хүндхэн явагдаж, АНУ-ын удирдагч хатуу байр суурь илэрхийлсэн гэж "Axios" цахим хуудсанд бичжээ. Мөн өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, уулзалт "тааруухан болсон” тул В.Зеленский Цагаан ордноос өөр газарт хэвлэлийн хурал хийхэд хүрсэн байна. В.Зеленсктийтэй уулзахаас өмнө буюу пүрэв гарагт АНУ-ын удирдагч Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэрээ Украинтай холбоотой нөхцөл байдлыг хэлэлцжээ. Үүний дараа Цагаан ордны тэргүүн Будапештэд В.Путинтэй уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ.


В.Путинтэй утсаар ярьсныхаа дараа Д.Трамп Украинд “Tomahawk” пуужинг нийлүүлэх шийдвэрийн талаар тайлбар хийхдээ, АНУ хэдийгээр олон тооны пуужинтай ч гэсэн тэдгээр пуужингууд манай улсад өөрт нь хэрэгтэй байгаа гэж мэдэгджээ.



関連ニュース