ДОРНОГОВЬ: Сэнжит хад

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-11-11 14:50:40

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн сонин тогтоц бүхий газрыг цувралаар танилцуулж байна. Энэ удаа Даланжаргалан сумын Бичигт багийн нутагт байдаг Сэнжит хадны зургийг фото дуранд буулгаснаа хүргэж байна. Зүүнээс баруун зүгт сунаж тогтсон их хадан уулсын дунд буй энэ өвөрмөц хад байгалийн салхины нөлөө,  хуурай бүсийн улирлын уур амьсгалын өөрчлөлт, хөдөлгөөний улмаас үүсэн буй болсон аж.


Хадны онцлог шинжийг сонирхон үзвэл  хүний гараар бүтсэн юм уу гэмээр нарийн ур хийц бүхий олон төрлийн хэлбэр бүхий хаднууд байхаас гадна зарим талаараа далай үхэр мэт, эсэхүл бурхан тахилын таваг мэт олон шижийг харж болох аж. Тиймээс зорин ирсэн хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг аж. Сэнжит хад нь Их нартын байгалийн нөөц газарт хамаардаг бөгөөд говь, хээр хосолсон цөлөрхөг энэ бүсийг дэлхийд ховордоод буй аргалийн өсөж үржих сүүлчийн нөмөр нөөлөг болсон газар гэж үзэж нийт 66,592.00 га талбайг Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны 43 дугаар тогтоолоор Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байсан юм.


Сүүлийн үед Сэнжит хад болон эргэн тойрны их хадан уулсыг зорих тусгай сонирхлын жуулчид буюу гэрэл зурагчид, судлаачид цөөнгүй ирдэг болжээ. Мөн орон нутгаас ерөнхий боловсролын сургуулидуын сурагчдыг эх орноо танин мэдэх, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор тус газраар аялал зохион байгуулдаг байна.   Иймэрхүү онцлог шинж бүхий сэнжит хад Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ зэрэг газарт хэд хэд байдаг аж.