Монгол Ардын Намын 31 дүгээр их хурал болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-11-15 12:11:46

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Ардын намын 31 дүгээр их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор өнөөдөр болж байна.


Их хурлын үйл ажиллагааг МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга асан, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар нээж, төлөөлөгчдөд хурлын дарга, тэргүүлэгчдийг танилцуулж батлууллаа. Их хурлын даргалагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, орлогч даргаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, тэргүүлэгчдээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Хэрлэн, Г.Лувсанжамц, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анаргуль, Хэнтий аймгийн Биндэр сумын намын хорооны дарга, Засаг дарга Ц.Дэмбэрэлсайхан, Сүхбаатар аймгийн Халзан сумын ИТХ-ын төлөөлөгч, Монгол Улсын гавьяат малчин Ж.Мөнхсүрэн, Социал демократ ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, нийслэлийн Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин нарыг сонгож баталжээ.



Энэ удаагийн хуралдаанд 21 аймаг, есөн дүүргийн МАН-ын 2247 төлөөлөгч оролцохоор мандат авсан байна. МАН одоогоор 314.961 гишүүнтэй, энэ удаагийн их хуралд сонгогдсон нэг төлөөлөгч намын 140 гишүүнийг төлөөлж байгаа юм.  Төлөөлөгчдийн 916 буюу 40.1 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буйгаараа онцлогтой. 104 жилийн түүхэнд хамгийн олон төлөөлөгчтэй, тэр дундаа хамгийн олон эмэгтэй төлөөлөлтэй их хурал болж байна. Төлөөлөгчдийн 292 буюу 13 хувь нь 21-35, 914 буюу 40.7 хувь нь 36-45, 794 буюу 35.3 хувь нь 46-60, 247 буюу 11 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд ажээ.


МАН-ын 31 дүгээр Их хуралд сонгогдсон төлөөлөгчдөөс хамгийн ахмад нь МАН-ын дарга асан 100 насыг зооглож буй Г.Очирбат, Монгол Улсын гавьяат багш, 85 настай Д.Амар, харин хамгийн залуу төлөөлөгч Дорноговь аймгийн СДМОХ-ны тэргүүн 21 настай Б.Билгүүн байна.

関連ニュース