Конго болон M23 бүлэглэлийнхэн хэлэлцээр байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-16 10:25:20

ДОХА, 2025 оны арваннэгдүгээр сарын 16 /Reuters/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн нутагт энэ онд олон мянган хүний ​​аминд хүрч, олон зуун мянган хүнийг дүрвэхэд хүргэсэн мөргөлдөөнийг зогсоох зорилготой энхийн гэрээний суурь хэлэлцээрт Конго болон M23 босогчдын бүлэглэлийнхэн бямба гарагт гарын үсэг зуржээ.  


Катарын нийслэл Доха хотноо болсон ёслолын үеэр хоёр талын төлөөлөгчид хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Конгод олон арван жилийн турш үргэлжилж, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж буй мөргөлдөөнийг зогсоох чиглэлд гаргаж буй АНУ, Катарын хүчин чармайлтын хүрээнд сүүлийн саруудад гарын үсэг зурсан ээлжит баримт бичиг энэ болж байна.


АНУ болон Катарын төлөөлөгчид энэхүү баримт бичгийг энх тайвныг тогтоохын төлөөх чухал алхам хэмээн тодорхойлсон боловч цаашид хийх шаардлагатай олон алхмын нэг нь гэдгийг онцолжээ. АНУ-ын тус бүс нутгийг хариуцсан дээд төлөөлөгч Массад Булос “Reuters” агентлагт мэдээлэхдээ, уг суурь хэлэлцээр нь найман протоколыг хамарсан бөгөөд тэдгээрийн зургааг нь хэрхэн хэрэгжүүлэх талаар тохиролцохын тулд хийх ажлууд байгааг дурдсан байна.


М.Булос мөн сүүлийн саруудад тохиролцсон хоригдлуудыг солилцох, гал зогсоохыг хянахтай холбоотой эхний хоёр баримт бичгийн хэрэгжилт удаашралтай байгааг хүлээн зөвшөөрчээ. “Тийм ээ, хүмүүс шууд үр дүн гарах байх хэмээн найдаж байсан боловч шаардлагатай үйл явц үргэлжилж байна... Энэ бол асааж, унтраадаг гэрлийн унтраалга биш шүү дээ” гэж тэрбээр гарын үсэг зурах ёслолын дараа сэтгүүлчдэд хэлжээ.


Хөрш зэргэлдээ Руандагийн дэмжлэгтэй цуврал ажиллагаануудын сүүлчийнхийн хүрээнд M23 нь нэгдүгээр сард Конгогийн зүүн нутгийн хамгийн том хот болох Гомаг эзэлж, Хойд Киву, Өмнөд Киву мужуудад давуу байдлыг олж авсан юм. Харин Руандагийн тал өмнө нь эзэлж байснаасаа илүү том газар нутгийг эзлээд буй M23-т тусалсан гэх мэдэгдлийг удаан хугацааны турш няцаасаар ирсэн байна. 

関連ニュース