Ардчилсан нам сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙСонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар аймгийн Аудитын газраас нам, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж, дүнг хуулийн хугацаанд олон нийтэд мэдээлэв.
Хэнтий аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 3 нам, 86 нэр дэвшигч оролцсон бөгөөд аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сонгуульд оролцсон 2 нам, 75 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг аймгийн Аудитын газарт ирүүлсэн байна. Тодруулбал аймгийн сонгуулийн хороонд аймгийн ИТХ-ын сонгуульд оролцсон МАН, МАХН зардлын тайлангаа ирүүлсэн бол Ардчилсан нам огт ирүүлээгүй аж.
Тайлангаас үзэхэд орон нутгийн сонгуульд МАН 15.1 сая төгрөгийн, МАХН 1.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлэн зарцуулжээ. Мөн зардлын тайлангаа ирүүлсэн 75 нэр дэвшигч нэгтгэсэн дүнгээр нийт 208.3 сая төгрөг төвлөрүүлсний 6.4 сая төгрөг нь хуулийн этгээдээс, 81.5 сая төгрөг нь иргэдээс өгсөн хандивын орлого, 28.9 сая төгрөг нь АН, 1.2 сая төгрөг нь МАН –аас нэр дэвшигчид өгсөн дэмжлэг бол 90.4 сая төгрөг нь нэр дэвшигчдийн өөрийн хөрөнгө байна.
Аймгийн ИТХ-ын сонгуульд оролцсон 2 нэр дэвшигчид тус бүр 2.0 сая төгрөгийн нийт 4 сая төгрөгийн хандивыг нэг хуулийн этгээд өгсөн бол нэр дэвшигчдэд 1.0 сая төгрөгөөс дээш хандив өгсөн 25 иргэнээс нийт 40.5 сая төгрөгийн хандив төвлөрсөн байна.
Аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид нийт 195.4 сая төгрөгийг сонгуульд зориулан зарцуулжээ.
Сонгуульд оролцсон нэр дэвшигчдээс 11 хүн зардлын тайлангаа аймгийн Сонгуулийн хороонд ирүүлээгүй байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 59.1-д “ Энэ хуульд өөрөөр заагаагүй бол орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Сонгуулийн хорооноос ирүүлсэн зардлын тайланг хянах явцад дараах зөрчил дутагдал илэрчээ Үүнд: "Сонгуулийн тухай хуулийн 47.5 дахь заалтыг зөрчиж, сонгуулийн зардлын данс нээлгээгүй нэр дэвшигч 1, 59.2 дахь заалтыг зөрчиж, дансны хуулга ирүүлээгүй нэр дэвшигч 27, 59.3 дахь заалтыг зөрчиж, банкнаас дансны тайлан ирүүлээгүй 42, 50.4 дэх заалтыг зөрчиж, хандив өгсөн иргэний регистрийн дугаар тавиагүй 16, 59.2.1 дэх заалтыг зөрчиж, нийт 25.5 сая төгрөгийн өөрийн хөрөнгийг дансанд төвлөрүүлээгүй 10 нэр дэвшигч байна" хэмээн аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Энхтүвшин мэдээллээ.
Д.Одонтунгалаг